ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны долоодугаар сарын 20
Украин (Урейн)-ы хүчин лхагва гарагийн шөнө Оросын Москва хотын бүс рүү дор хаяж 200 дрон хөөргөсөн гэж Москва хотын захирагч Сергей Собянин мэдээллээ. Түүний хэлснээр, ихэнхийг нь алсаас саатуулж, 10-ыг нь нийслэлийн ойролцоо устгажээ. (ABC Ньюс)
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улс удаа дараа цохилт өгсний дараа Ираны Исламын хувьсгалыг хамгаалах корпус зэвсгийн чадавхынхаа 90 орчим хувийг алдаж, дрон, пуужин, үйлдвэрлэл, харвах төхөөрөмжийн хүчин чадал эрс буурсан гэж мэдэгджээ. (Фокс Ньюс)
Цагаан ордны албаны хүмүүс Иран улс АНУ-ын Ерөнхийлөгч Трампын засаг захиргаатай тохиролцоонд хүрэх сонирхолтой хэвээр байна гэж мэдэгджээ. АНУ-ын Тамгын газрын дэд дарга Стивен Миллер мягмар гарагт Ираны зарим албан тушаалтан тохиролцоонд хүрэхийг “маш их” хүсэж байна гэж мэдэгджээ. АНУ-ын Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт пүрэв гарагт Ерөнхийлөгч Трампын засаг захиргаа Ираны хэлэлцээрийн төлөөлөгчидтэй холбоотой хэвээр байгаа бөгөөд Иран улс энхийн хэлэлцээрийг үргэлжлүүлэх сонирхолтой байна гэж мэдэгджээ. (Фокс Ньюс)
АНУ-ын цэргийн хүчин Ормузын хоолой дахь Ираны боомтуудад тогтоосон тэнгисийн бүслэлтийг зөрчихийг завдсан арилжааны 3 хөлөг онгоцны чиглэлийг өөрчилж, шаардлага биелүүлээгүй нэг хөлгийг ажиллагаагүй болгож, нөгөөд нь шалгалт хийхээр нэвтэрчээ. CENTCOM [АНУ-ын Төв командлал] Бүслэлтийг сэтлэхийг оролдож буй хөлөг онгоцнуудаас бусдад нь эдгээр усан зам чөлөөтэй, нээлттэй хэвээр байгаа гэж мэдэгджээ. (Фокс Ньюс)
АНУ-ын цэргийн хүчин баасан гарагт Иран улсад дахин цуврал цохилт өгснөөр довтолгоо долоо дахь шөнөө дараалан үргэлжилж байна. (Фокс Ньюс)
Кувейтийн агаарын довтолгооноос хамгаалах хүчин Ираны пуужин, дроны халдлагыг саатуулж байна гэж тус улсын Мэдээллийн яам пүрэв гарагт мэдэгджээ. Йорданы зэвсэгт хүчин нутаг дэвсгэр рүү нь чиглэсэн Ираны гурван пуужинг саатуулсан гэж мэдээлсэн байна. Хүний амь эрсдээгүй, хохирол учраагүй байна. (Фокс Ньюс)
АНУ-ын цохилт Ираны өмнөд нутгийн Хормозган муж дахь хэд хэдэн гүүрийг оносон гэж Ираны албан тушаалтнууд мэдэгджээ. (Фокс Ньюс)
Баасан гарагт Ираны хийсэн цохилтын улмаас Кувейтийн цахилгаан эрчим хүч, ус давсгүйжүүлэх томоохон байгууламж гэмтэж, эрчим хүчний үйлдвэрлэл доголдон, гарсан галыг хяналтад оруулжээ. Уг халдлага нь ундны усны ихэнх хэсэг нь цэвэршүүлсэн уснаас хамааралтай Персийн булангийн орнуудын нэн эмзэг байдлыг тодруулж, байгууламжууд ажиллагаагүй болбол богино хугацаанд хямралд орж болзошгүйг харуулсан байна. (AP)
Израилын ерөнхийлөгч Исаак Херцог Израил, Саудын Арабын хооронд энх тайван тогтохыг мөрөөддөг гээд, Сауд Арабын Угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманыг хүндэтгэдгээ илэрхийлжээ. Тэрээр хоёр орны хооронд илүү өргөн хүрээтэй хэлэлцээр хийхийг уриалж, ирээдүйд Саудын Арабын удирдагчидтай албан ёсоор уулзана гэж найдаж буйгаа хэлжээ. (Фокс Ньюс)
АНУ-ын Ерөнхийлөгч Трампын засаг захиргааны Дотоодын аюулгүй байдлын яам [DHS] гадаадын оюутнууд, солилцооны хөтөлбөрийн оролцогчид, сэтгүүлчдийн визийн журмыг чангатгасан эцсийн журмыг баталжээ. Шинэ журмаар оюутны F виз, солилцооны хөтөлбөрийн J визийн хугацааг 4 жилээр хязгаарлажээ. Сэтгүүлчдийн I визийг 240 хоногоор, харин Хятадын сэтгүүлчдийнхийг ердөө 90 хоногоор хязгаарласан байна. (Ройтерс)
ИБУИНВУ-ын засгийн газар Консулын нарийн төвөгтэй хэргийн тусгай элчийн албыг анх удаа байгуулж, Гадаад хэргийн яамны сайд асан Алистер Бертийг томилжээ. Ноён Берт гадаадад саатуулагдсан Британийн иргэдтэй холбоотой хамгийн хүндрэлтэй хэргүүдэд төвлөрөн ажиллана. (Gov.uk)
ЮНИСЕФ [НҮБ-ын Хүүхдийн сан]-ийн Болгар улс дахь салбар тус байгууллагын 80 жилийн ойг тохиолдуулан “Хэн нэгний хүүхэд гэсэн зүйл байдаггүй” нэртэй шинэ хандивын аян эхлүүллээ. Хүүхэд асрах нь хүн бүрийн хамтын үүрэг гэсэн Болгарын үзэлд тулгуурласан тус аянаар Болгарын болон дэлхий дахины хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлнэ. Цугласан хөрөнгийг бага насны хүүхдийн хөгжлийн үйлчилгээ, тэгш хамруулах боловсрол, хүчирхийллээс хамгаалах ажил, мөргөлдөөн, гамшигт өртсөн хүүхдүүдийн яаралтай тусламжид зарцуулна. (ЮНИСЕФ)
АНУ-ын CIA [Тагнуулын төв газар]-ын дарга Жон Рэтклифф Украин (Урейн)-ы фронтын шугамд хүрсэн Оросын шинэ цэргүүд одоо ердөө 20–30 минут амьд үлдэж, дараа нь алагдах юм уу шархдаж байна гэж мэдэгджээ. Энэ нь АНУ-ын тагнуулын өндөр албан тушаалтан хохирлын ийм туйлын өндөр түвшнийг олон нийтэд баталсан анхны тохиолдол болж байна. Дарга Рэтклифф нас баралт өндөр байгааг Украин(Урейн) улс өндөр үр дүнтэй, хямд өртөгтэй болж буй, ХОУ [хиймэл оюун ухаан]-т дроныг өргөнөөр ашиглаж буйтай холбон тайлбарлажээ. Тэрээр эдгээр дрон Оросын давшилтыг зогсоож, тулааны талбарыг шинээр ирсэн орос цэргүүдийн хувьд үхлийн аюултай орчин болгосон гэж хэлсэн байна. Дарга Рэтклиффийн мэдэгдсэнээр, 2026 оны эхний хагаст хохирлын харьцаа Украин (Урейн)-ы талд ашигтайгаар бараг 8:1-д хүрчээ (Дефенс Ньюс)
Ормузын хоолойгоор зорчих арилжааны хөлгийн хөдөлгөөн сүүлийн гурван долоо хоногийн хамгийн доод түвшинд хүрчээ. Усан онгоцны хөдөлгөөн хянадаг Kpler компанийн мэдээлснээр, пүрэв гарагт ердөө 8 хөлөг тус хоолойгоор нэвтэрчээ. (Фокс Ньюс)
Зогьсолт удаан үргэлжлэх нь шинжилгээ хийлгэх шаардлагатай эрүүл мэндийн далд өвчний шинж байж болно. Өрц өөрийн эрхгүй агшиж, дууны хөвч гэнэт хаагдахад зогьсолт үүсдэг. Үүнийг өдөөдөг түгээмэл шалтгаанд хэт их идэх, хурдан идэх, халуун ногоотой, тослог хоол, хийжүүлсэн ундаа, ходоодны хүчил сөөргөө, гэдэс дүүрэх, стресс зэрэг ордог. Усыг аажуухан уух, амьсгалаа түр түгжих, өвдгөө цээж рүүгээ татах, тайвшрах нь богино хугацааны зогьсолтыг намдаахад тустай. Зогьсолт 48 цагаас удаан үргэлжлэх, ойр ойрхон давтагдах, цээж өвдөх, амьсгалахад хүндрэлтэй болох, бөөлжих, нойр алдагдах, хооллоход бэрхшээлтэй болох, шалтгаангүй турах шинж дагалдвал эмчид хандах хэрэгтэй. (Бао Сүк хое ва Дой сон)
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад хамгийн хурдацтай тархаж буй Эбола вирусийн тахлын бүртгэгдсэн тохиолдол 2,000, нас баралт 754-өөс давжээ. Хамгийн их өртсөн Итури мужийн томоохон эмнэлгийн эрүүл мэндийн ажилтнууд цалингаа аваагүйн улмаас ажил хаясан байна. Халдвар дамжсан эх үүсвэр нь тодорхойгүй хэлхээнүүд, санхүүжилтийн хомсдол, хүрэлцээ муутай байдал нь тархалтыг хязгаарлах хүчин чармайлтыг ноцтой сулруулж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага [ДЭМБ] мэдээллээ. (Три Түк ВН)
Шинэ Зеландын Кентербери, Отаго, Массейн их сургуулиудын шинэ судалгаагаар нитратаар бохирдсон ундны ус тус улсад жил бүр 120 хүүхэд дутуу төрөх шалтгаан болж байна гэжээ. Судалгааны үр дүнгээр нитратын хэмжээ хуулиар зөвшөөрсөн хязгаараас доогуур байсан ч ихээхэн эрсдэлтэй байгааг харуулсан бөгөөд уг бодис нь фермерүүдийн их хэмжээний бордоо, сүүний аж ахуйн бууцны урсац зэргээс байгальд тархдаг байна. (Тайпей Таймс)
Нидерландад удаан үргэлжилсэн халалт, ган гачиг, гол мөрний усны түвшин түүхэн доод хэмжээнд хүрсний улмаас улсын хэмжээнд усны хомсдол нүүрлэжээ. Ундны усны нөөц одоогоор аюулгүй хэвээр байгаа ч засгийн газар усны нөөцийг зохицуулах, усалгааг хязгаарлах арга хэмжээ авч байна. (Ройтерс)
Тайвань (Формоса) Хуалянь хошууны хашлагатай нуур бараг дүүрэх дөхсөн тул үерийн улаан түгшүүр зарлалаа. Ус халих эрсдэл өндөр хэвээр байгаа тул эрх баригчид цэргийн тусламжтайгаар доод урсгалын 210 орчим оршин суугчийг хоргодох байр руу яаралтай нүүлгэн шилжүүлжээ. (Тайпей Таймс)
Испанийн хойд нутгийн Арагон мужид хурдтай тархаж буй хээрийн түймэр Оресийн ойролцоох 4,450 гаруй га талбайг шатаажээ. Орон нутгийн эрх баригчид ойр орчмын тосгодын олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд улс даяар түймрийн эрсдэлийг нэмэгдүүлсэн халуун, хуурай нөхцөлд гал сөнөөгчид түймрийг хязгаарлахаар ажиллаж байна. (Ройтерс)
Румыны .lumen гарааны компани хараагүй хүмүүст зориулсан ХОУ [хиймэл оюун ухаан]-аар ажилладаг шилээ тус улсын 41 хотод 55 хоногийн турш туршжээ. Аяллын үеэр 7–92 насны 900 гаруй хүн уг төхөөрөмжийг туршиж үзжээ. Уг шил нь хиймэл оюун ухаан болон чиглэл заах хүрэлцэхүйн дохиогоор хараагүй хэрэглэгчдэд бодит цагт бие даан зорчиход тусалдаг байна. (Романиа Инсайдер)
Бангкокийн Tammang ресторан гэртээ исгэсэн шар буурцгийн сүмсээр хийсэн, хямд үнэтэй, 100 хувь веган Исаан [Тайландын зүүн хойд муж]-ы хоолоор үйлчилж, Тайландын 2026 оны MICHELIN хөтөч [ресторан, зочид буудлын шилдэг сонголтын гарын авлага]-д багтсан тус улсын анхны бүрэн веган ресторан боллоо. (Барчарт)
Британийн телевизийн хөтлөгч Пол Гортон 7 жилийн өмнө нэг шөнийн дотор веган болсон нь амьдралынх нь хамгийн амархан сонголт байсан гээд, бусад хүмүүст амьтан-хүмүүсийг хайрлах энэ амьдралын хэв маягийг туршиж үзэхийг уриалжээ. (Плант Бэйсэд Ньюс)
ИБУИНВУ-ын эрүүл амьдралын Oltra брэнд алхах, аялах, спортоор хичээллэх болон өдөр тутмын үйл ажиллагааны үеэр арьсыг үрэлтээс хамгаалах зориулалттай, дахин цэнэглэдэг Oltra Glide веган үрэлтийн эсрэг бальзамыг худалдаанд гаргажээ. Наргилын самрын тос, ши тос зэрэг байгалийн орцтой уг бальзам нь хог хаягдлыг бууруулахын тулд дахин ашиглах түрхэгчийг агуулдаг. (Куремара Прайвэт Лимитэд)
[АНУ-ын Техас мужийн] Сабинал хотод сайн үйлстэн Дэвид Флорес аадар борооны дараа модноос зуурч буй, гацсан эрийг аврахаар үерийн ус туулан очжээ. Элм Крик гол дээр болсон уг сэтгэл түгшээсэн аврах ажиллагааг гар утасны бичлэгт буулгажээ. (KSAT)
[Шинэ Зеландын] Оклендийн цагдаа нар далайн эргийн мангро модны шугуйд усны түвшин нэмэгдэхэд сураггүй болсон аутизмтай хүүг аварчээ. Нисдэг тэрэг болон газрын багийнхан хүүг шуурхай олсны дараа, цагдаа нар норсон ч гэмтэж бэртээгүй хүүг аюулгүй газар хүргэж, эмгэнэлт явдал болохоос амжилттай сэргийлжээ. (Дэйли Мэйл)
[АНУ-ын Калифорни мужийн] Оклендийн гал сөнөөгчид автомашины галыг унтраасныхаа дараа, утаанд хордсон тагтаа-хүнд хүчилтөрөгчийн жижиг баг зүүлгэн аварчээ. Шувуу найз сэргэж, нисэн одсон бөгөөд энэрэнгүй аврах ажиллагааны бичлэг цахим орчинд түгж, олон сая хүнд хүрч, өргөн магтаал хүртсэн байна. (Нью-Йорк Пост)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Амьтай бүхэнд энэрэнгүй, нинжин сэтгэлээр ханд. Амьтдыг бүү агна, бүү хөнөө.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш Шри Гүрү Жамбхешвар (цагаан хоолтон) (Bishnoism.org)
Др. Стивен Дитрих-Колокурисын клиник үхэлд орсон тохиолдлын тухай энэ цувралд Америкийн технологийн бизнес эрхлэгч Стивен гэнэтийн зүрхний шигдээснээс болж, аймшигт хоосон орон зайд орж, бусдад учруулсан зовлонгоо дахин туулсан талаар, мөн амьдралд эргэн ирэхийн төлөө бүх хүчээрээ тэмцсэн тухайгаа хуваалцаж байна.
Стивений бие хэд хоног тавгүй байсан бөгөөд баасан гарагийн орой ажлаасаа харихдаа толгой нь бага зэрэг эргэснийг хэт их ажилласантай холбон боджээ. Тэр эрт унтсан ч өглөөний 5:00 цагт сэрэв. Ходоод нь хүчтэй өвдөж, бөөлжиж эхэлсэн тул ходоодын вирусийн халдвар авсан байх гэж боджээ. Үдээс хойш 2:00 цагийн орчимд зүрхэнд нь ямар нэг зүйл болж буйг мэдэрсэн байна. Босож зогсоход зүрх нь хүчтэй дэлсэж, ухаан алдах гэж буй мэт санагджээ. Тэр доод давхарт арайхийн бууж, зочны өрөөний буйдан дээр унаад, Siri-ээр яаралтай тусламж дуудуулжээ. Түргэн тусламжийнхан ирж, зүрхний цахилгаан бичлэг хийгээд, түүнд зүрхний шигдээс болсныг тогтоосон байна. Гэвч түүнд үжлийн шок үүсэж байгааг тэр үед хараахан мэдээгүй байлаа. Стивен бараг ямар ч шинж тэмдэггүй байснаа 24 цаг хүрэхгүй хугацаанд хүнд хэлбэрийн үжлийн шокт орсон гэж ярьжээ.
Би чангаар залбирч байхад, ЯТТ [яаралтай тусламжийн техникч] надад тусгайлан: “Байхгүй Бурханд залбирах хэрэггүй. Чамайг аврах эмч нарт залбир.” гэж хэлснийг санаж байна: Гэвч би маш их өвдөж, түүнд хариу хэлэх тэнхэлгүй байсан тул залбирсаар л байлаа. Тэгтэл гэнэт бүх зүйл харанхуйлж, хэсэг зуур нүдээ аниад, унтаж байгаа мэт болсон. Би: “Хөөх, өвдөлт бүрэн алга болжээ. Би үхсэн байх.” гэж бодсон. Надад хамгийн түрүүнд ийм бодол төрсөн.
Тэгээд дараа нь, хэр удаан хугацаа өнгөрснийг мэдэхгүй, хэдэн секундийн дараа би биеийнхээ дээр байсан бөгөөд ийм үзэгдлийн талаар өмнө нь мэддэг байсан учраас тэр мөчид өөрийгөө үхсэн гэдгээ зуун хувь ойлгосон. Тэр үед би: “Би үхмээргүй байна, үхмээргүй байна.” гэж л бодож байлаа. Би аль хэдийн тэгж байсан ба там мэт хэсгийг нь бүр туулж эхлээ ч үгүй байв. Би биеэсээ гараад, ойрхон байх үедээ, ухамсар минь махан биедээ ойрхон байлаа. Миний хараа муу, харааны шил зүүдэг ч төдийлөн сайн хардаггүй байсан боловч, тэр үед бүх зүйл ер бусын тод байсан. Миний мэдрэхүй, ухамсрын хүрээний хувьд би бүхнийг төгс сонсож байсан. Зөвхөн хүний ердийн мэдрэхүйгээр бус, эргэн тойрныхоо бүхнийг мэдэрч байлаа. Бүхнийг зуу дахин тодруулсан мэт, энд байдаггүй олон өнгийг би харсан. Би бүхнийг 100% маш тод харж байлаа. Үнэхээр бодит бус мэт байсан.
Тэгээд нэг мэдэхэд намайг ард минь хоосон орон зай бүхий хэсэг рүү буцаан аваачсан бөгөөд би бүхний дотор байгаа мэт санагдсан. Энэ нь 360 хэмийн орчин. Ухамсар тань бөмбөрцгийн төвд байж, бүх зүйл таныг тойрон оршихтой адил байдаг. Би хүчээр холдуулах хүртэл нь биеэ хараанаасаа алдаагүй, ухамсартайгаар биеэ харах, түүнтэй холбоотой байхыг хичээсэн. Би том Б үсгээр бичигдэх БУРХАНыг, гоц үзэгдэл, хүч, энерги буюу БУРХАН гэж мэдэрсэн.
2-р хэсэгт Стивен амьдралаа өнгөрүүлсний арга замынхаа үр дагавартай тулгарахад хүргэсэн амьдралын тоймтой тулгарсан тухай гарна. Тэгээд намайг хүмүүсийн нэрлэдгээр, миний бодлоор, амьдралын тоймын өмнө аваачсан. Би үүнийг зүгээр нэг хараагүй. Би үнэхээр бүгдийг дахин туулсан бөгөөд олон хүнд учруулсан зовлонгоо өөрөө мэдэрсэн тул энэ нь өөрөө аймшигтай байлаа. Др: Стивен Дитрих-Колокурисын клиник үхлийн тохиолдлын тухай цувралын хоёрдугаар хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (ЖеффМара Подкаст)