ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 11 дүгээр сарын 2
Оросын нийт 268,000 орчим тонн дизель түлш тээвэрлэсэн 6 танкер 10-р сарын 29-ний байдлаар АНУ-ыг чиглэн явж байсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Оросын ерөнхийлөгч Владимир Путин нарын нийлүүлэлтийн тохиролцооны эхний үе шат болж байна. (The Guardian)
Оросын ерөнхийлөгч Владимир Путин Финланд, Норвегийн удирдагчидтай утсаар ярилцсаныхаа дараа Европын орнуудтай харилцаагаа бүрэн сэргээх хүчин чармайлтыг Орос улс дэмжиж байгааг 10-р сарын 29-нд мэдэгджээ. Тэрээр Орос улс Европтой дайтахыг хүсэхгүй байгаа ч дайнд бэлэн байгааг хэлээд, мөргөлдөөн даамжирвал ялагч үлдэхгүйг нэмж дурджээ. (Reuters)
Украин (Урейн)-ы албаныхны мэдээлснээр, 10 -р сарын 29-нд [Украин (Урейн)-ы] Днипро хотын төв төмөр замын өртөөнд Оросын дрон цохилт өгч, наад зах нь 14 хүн амиа алдан, 11 настай хүүг оруулаад хэд хэдэн хүн шархаджээ. (New York Post)
Саудын Араб тэргүүтэй эвслийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, 10-р сарын 29-нд Хуситуудын [Саудын Арабын]Эр-Рияд хот руу харвасан 2 баллистик пуужинг Саудын агаарын довтолгооноос хамгаалах хүчин замд нь устгажээ. (Fox News)
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар орон нутгийн эрх баригчдын мэдээллийг эшилснээр, Этиопын Сомали, Оромиа бүсийн хүчнийхний мөргөлдөөний дараа 10-р сарын 28 гэхэд 50,000 хүртэлх хүн Этиопын өмнөд нутгаас Кени рүү дүрвэжээ. Дүрвэгсдийн олонх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан бөгөөд хүмүүнлэгийн байгууллагууд Кенийн эрх баригчидтай хамтран тэднийг хоргодох байр, тусламжаар хангахаар ажиллаж байжээ. (Arab News)
[АНУ-ын] Бүгд найрамдах намын үндэсний хороо 10-р сарын 29-нд мэдэгдэхдээ, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 11-р сарын 3-ны завсрын сонгуулийн өмнөх сүүлийн 72 цагт 20 орчим мужийн сонгогчдод хүрэх утасны сурталчилгааны цуглаан хийхээр төлөвлөснийг мэдээлжээ. (Fox News)
Хятадын уламжлалт анагаах ухаанд хэлний ирмэгт шүдний ором гарахыг хоол боловсруулах үйл ажиллагаа сулрах, шингэн хуримтлагдахтай холбон үздэг бөгөөд заримдаа ядрах, гар даарах, өтгөн шингэрэх шинж дагалддаг. Уламжлалт анагаахын эмч нар бүлээн хоол идэж, хангалттай унтаж, хөнгөн дасгал хийхийг зөвлөдөг. Гэхдээ хэлэн дээрх шүдний ором нь шүдээ хавирах, эсвэл хэл хавдсанаас үүсэж болох тул дангаар нь өвчин оношлох үндэс болгох боломжгүй. Шинж тэмдэг арилахгүй бол суурь шалтгааныг тогтоолгохын тулд эмчид үзүүлэх шаардлагатай. (Báo Sức khỏe và Đời sống)
Программ хангамжийн инженер, 31 настай Боуэн Ваны эцэг эх ХО [хиймэл оюун]-ы OpenAI компанийг шүүхэд өгчээ. Тэдний мэдэгдсэнээр, тус компанийн ХО-ы ChatGPT туслах нь охиныг нь эмчийн хяналтгүйгээр таталтын эсрэг эмийн тунгаа аажмаар бууруулахад тусалж, тэрээр эпилепсийн үеийн гэнэтийн, санаандгүй нас баралтаар өөд болохоос өмнө илэрсэн сэрэмжлүүлэх шинжүүдийг үл тоомсорложээ. Энэ хэрэг эмчтэй зөвлөлдөхгүйгээр жороор олгосон эмийн хэрэглээг өөрчлөх нь эрсдэлтэйг харуулж байна. (New York Post)
Америкийн хүнсний аюулгүй байдлын мэргэжилтэн, доктор Ванесса Коффман үлдэгдэл хоолыг аюулгүй хадгалсан бол олон удаа халааж болно гэжээ. Өрөөний хэмд байлгасан нийт хугацааг 2 цаг (32°C-ээс халуун орчинд 1 цаг)-аас хэтрүүлэхгүй, нэн даруй 4°C буюу түүнээс доош хэмтэй хөргөгчид хийж, 3 хоногийн дотор хэрэглээрэй. Үлдэгдлийг жижиг хэсгүүдэд хувааж, идээгүй хоолоо даруй хөргөгчид хийн, зөвхөн идэх хэмжээгээрээ 74°C хүртэл халааж, богино долгионы зууханд халаахдаа хэд хэдэн удаа хутгаарай. (VnExpress, Real Simple)
[Индонез] Өмнөд Калимантаны Банжар тойрогт ойн түймэр, утааг даамжруулсан удаан үргэлжилсэн хуурайшлын дараа 10-р сарын 25-нд аадар бороо ороход сайн дурын гал сөнөөгчид баярлаж, мөргөн залбирчээ. Аадар бороо гамшигт нэрвэгдсэн нутгийн иргэдэд найдвар төрүүлсэн байна. (AsiaOne)
Далайн түрлэг түүхэн дээд түвшинд хүрч, [АНУ-ын] Сан-Диегогоос Сан-Францискогийн булангийн бүс хүртэлх эрэг орчмын сууринуудын орон сууц, аж ахуйн нэгж, замуудыг усанд автуулжээ. Мэргэжилтнүүд 11, 12-р сарын далайн түрлэг өвлийн шуургатай давхацвал илүү хүчтэй үер болж болзошгүй анхааруулж байна. (The Guardian)
[Энэтхэг] Одиша мужид Арнаб хар салхины үзүүлсэн нөлөөний талаарх 10-р сарын 29-ний шинэчилсэн мэдээ: Өмнөд Одиша даяар хүчтэй үер бууж, олон мянган хүн гацаанд орж, Ганжам дүүргийн 300 орчим тосгон тусгаарлагджээ. Патрапур хотод 24 цагийн дотор ер бусын их буюу 546 миллиметр хур тунадас оржээ. Ганжам, Гажапати дүүрэг даяар 62,500 гаруй хүний хэвийн амьдрал алдагдсан байна. (The Watchers)
10 -р сарын 29-нд [Чилийн] Пасха арлын Ханга-Роа хотоос зүүн урагш 1,483 километрийн зайд, 10 километрийн гүнд 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Цунамийн аюул мэдээлэгдээгүй байна. (The Watchers)
Эквадорын Амазоны ширэнгэн ойн Ваорани Уугуул ард түмний удирдагч Немонте Ненкимо Их Британийн Гардиан сонинд 10 -р сарын 28-нд нийтлэгдсэн ярилцлагадаа Өрнөдийн нийгмүүдийг байгальтайгаа дахин холбогдож, эдийн засгийн зогсолтгүй өсөлтийг эргэлзэн авч үзэж, дэлхийг хамгаалах талаар уугуул ард түмний мэдлэгээс суралцахыг уриалжээ. Тэрээр Амазоны газар нутаг, соёлыг хамгаалах Сейбо холбоог хамтран байгуулж, Эквадор дахь ваоранигийн 500,000 акр [202,343 орчим га] газар нутгийг газрын тосны хайгуулаас хамгаалсан шүүхийн шийдвэр гаргуулахад хувь нэмэр оруулжээ. Тэрээр хагарал зөрчлийг даван туулж, эх дэлхийгээ хамгаалахад бусдыг ойлгон мэдрэх, сонсох, хайрлах нь зайлшгүй чухал болохыг онцолсон байна. (The Guardian)
НҮБ 10-р сарын 29-ний тайландаа, 2030 он гэхэд 1 тэрбум га талбайг сэргээх зорилгод хүрэхийн тулд доройтсон хуурай газар, далай, цэнгэг усны экосистемийг сэргээх ажлыг эрчимтэй өргөжүүлэх шаардлагатайг мэдэгджээ. Одоогоор 149 орны 252 сая орчим га талбайд нөхөн сэргээлт хийж байгаа бөгөөд ихэнх нь Азид байна. Зорилгод хүрэхийн тулд жилийн санхүүжилтийг 2030 он гэхэд 64 тэрбум ам.доллароос 296 тэрбум ам.доллар болгон, 4 гаруй дахин нэмэгдүүлэх шаардлагатай юм. (Reuters)
Хөгжиж буй орнуудад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход тусалдаг, НҮБ-ын дэмжлэгтэй Уур амьсгалын ногоон сан 10 -р сарын 29-нд 21 төсөлд 1.97 тэрбум ам.долларын санхүүжилт баталснаар 2026 онд баталсан санхүүжилт нь түүхэн дээд хэмжээ буюу 3.2 тэрбум ам.долларт хүрчээ. (Reuters)
АНУ-ын хүнсний технологийн Eat Just компани ногоон шошоор хийсэн веган Just Egg бүтээгдэхүүнээ Швед даяарх Coop супермаркетуудад худалдаалж эхэлсэн бөгөөд Скандинавын дистрибьютер Kale Foods түгээлтийг хариуцаж байна. Тус бүтээгдэхүүн энэ оны эхээр Германд худалдаанд гарч, Европын зах зээлд анх нэвтэрчээ. (Vegconomist)
АНУ-ын веган хүнсний Beyond Meat компани Бийонд Стейк Филе бүтээгдэхүүнийхээ түгээлтийг өргөжүүлж, 25 мужийн Sprouts Farmers Market сүлжээний 500 гаруй дэлгүүрт хүргэжээ. Нэг порц нь 28 грамм уураг, ердөө 1 грамм ханасан өөх тос агуулдаг байна. (StreetInsider)
Өмнөд Солонгосын веган арьс арчилгааны AXIS-Y брэнд анхны гаднын хөрөнгө оруулалтаа татжээ. Азид төвлөрөн ажилладаг хувийн хөрөнгө оруулалтын MBK Partners компани дэлхийн зах зээлд тэлэх, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэхийг дэмжихээр тус брэндийн толгой компанийн хувьцааны 40%-ийг худалдан авсан байна. (AXIS-Y)
Эрх баригчид болон ашгийн бус WildAct Vietnam байгууллага [Ау Лак (Вьетнам)-ын] Хайфон, Ниньбинь мужуудад 57 зэрлэг шувуу-хүнийг аварч, тэднийг барих зориулалттай 4,500 гаруй метр торыг хураажээ. 10-р сард явуулсан ажиллагаагаар шувуу-хүмүүсийг татах өгөөш болгон ашигласан дүрсүүдийг устгаж, ашигласан тоног төхөөрөмжийг хураан, нүүдлийн төрөл зүйл, биологийн олон янз байдлыг хамгаалжээ. (Tuổi Trẻ)
Австралийн шумбагчид [Австралийн] Порт-Линкольны ойролцоох Бостон буланд эргээс 3 километрийн зайд сэлж явсан туйлдсан имж-хүнийг аварчээ. Жейк Мюррей болон түүний баг амьтан найзыг усан онгоцондоо гаргаж, асран тэнхрүүлээд далайн эрэгт аюулгүй тавьсан байна. (Good News Network)
Британийн эцэг, хүү Пол, Эшли Жонсон нар Францаас Испани хүртэл 7 хоногт 900 километрийг дугуйгаар туулж, [Испанийн] Кампосолын 3 буяны байгууллага болох яаралтай тусламжийн FAST Camposol, хавдартай хүмүүст дэмжлэг үзүүлдэг MABS бүлэг, Альцхаймерын өвчтөнүүдийг асардаг Forget Me Not байгууллагад зориулан хандив цуглуулжээ. (EuroWeekly News)
Өдрийн эргэцүүлэл төрүүлэх эшлэл: “Бид уучлахдаа БУРХАНЫ Өршөөлийг мэдэрдэг, бид хайрлахдаа БУРХАНЫ Хайрыг мэдэрдэг… эвлэрэх хүч бидний гар, ам, зүрхэнд бий.” – Америкийн Рабби, зохиолч Хүндэт Рабби Харолд Шулвайс (Уучлах мөч)
Жей Мартины клиник үхлийн тухай 3 хэсэгт цувралын өмнөх буюу 1-р хэсэгт Жей зүрхний шигдээсээр өвдөж, зүрх нь зогсон, ухаан алдан унасан тухайгаа ярьсан. Гэр бүлийнхэнд нь түүнийг нас барсан гэж мэдэгдэж байх үед Жей хув шар өнгийн хонгилоор дамжин сансарт хүрч, бүх зүйлийн нэг хэсэг болсноо мэдэрч, нэрээр нь дуудахыг сонссоноо дурсжээ. 2-р хэсэгт Жей ухаангүй хэвтэж байхад гэр бүлийнхэн нь эмнэлэгт юуг туулсан, дараа нь эдгэрэхийн тулд хэрхэн хүнд үеийг туулсан, мөн Хайрын тухай шинэ ойлголттойгоор хэрхэн эргэн ирснээ хуваалцана. Жейг нас барсан гэж гэр бүл, ажил олгогчид нь мэдэгдсэн ба өөд болсон тухай мэдээ нь олон нийтийн сүлжээгээр тархаж байлаа. Ээж нь Чикагогоос эмнэлэгт ирэхэд хүүхдүүд нь аль хэдийн тэнд байжээ. Түүний зүрх нь цохилохгүй, эрхтнүүдийнх нь үйл ажиллагаа зогсож байв. Түүний хамгийн ойрын хамаатан нь 18 настай охин нь байсан тул эмч нар түүнээс эмчилгээг үргэлжлүүлэх эсэхийг асууж байжээ.
Бие минь хавдаж, арьс хагарч, биеийн янз бүрийн сүв, арьсны хагарал, нүд зэргээс цус гарч эхэлсэн тул охин минь шийдвэр гаргах ёстой болсон. Тэгэхэд тэр: “Би үүнийг хиймээргүй байна.” гэсэн. Ээж, эмч хоёр: “Тэр нас барсан. Өдөржин ийм байлаа. Бидний хийж чадах зүйл алга.” гэжээ. Харин охин: “Жаахан хүлээгээч. Хүлээгээч.” гэсэн. Тэр байр сууриндаа хатуу зогссон тул тэд: “За, бид хүлээж болно.” гэжээ. Дараа нь гэр бүлийнхэн нь Жейгийн гэрт очин, эд зүйлсийг нь цэгцэлж, дурсгалыг нь хүндэтгэх ёслолын бэлтгэл хийж эхэлжээ. Маргааш өглөө нь эмнэлгээс залгаж, зүрх нь сулхан цохилж байгааг илрүүлснээ мэдэгдсэн байна. Тэд эмнэлэг рүү яаран очиход эмч нар үүнийг тайлбарлаж чадахгүй байгаагаа хэлжээ. Эмч нар түүний амьд үлдэх магадлалыг 20 гаруй хувь гэж тооцоод, амьд үлдсэн ч амьдралынх нь чанар ямар байхыг мэдэхгүй гэдгээ анхааруулжээ. Гэр бүлийнхэн нь эмчилгээг үргэлжлүүлэхийг хүсэв. Эмч нар түүнийг эмийн тусламжтай комд оруулж, ЭКМО [биеийн гаднах мембрант хүчилтөрөгчжүүлэлт] аппаратаар цусыг нь эргэлдүүлж байв. Комд байх хугацаандаа тэрээр 26 удаа харважээ.
Эцэст нь сэрэхэд сэтгэл минь тайван байлаа. Би юунаас ч айгаагүй. Бүх зүйл шинэ мэт санагдсан тул эргэн тойрныхоо бүхнийг бараг л ажиглаж байлаа. Харвалтуудын улмаас Жей алхах, бичих, ярих зэрэг үндсэн чадваруудаа дахин эзэмших шаардлагатай болов. Эмнэлгээс гарах цаг болоход надад бүхнийг анх удаа харж байгаа мэт санагдсан. Үүл, мод, автобус гээд л бүхнийг. Танил бус мэт санагдах тэр мэдрэмж Жейгийн хамгийн ойр дотнын хүмүүст ч хамаарч байв. Заримдаа тэр гэр бүлийнхнээ ч танихгүй байжээ.
Бүх зүйл шинэ байсан ч би Хайрыг мэдэж байсан. Хайр зүгээр нэг үг, мэдрэмж төдий биш гэдгийг бүр илүү мэдэж авсан. Би Хайр бол бодит оршихуй гэдгийг мэдэж байсан. Хайр бол бие даасан оршихуй байсан. Хайр үнэхээр оршдог. Тийм ээ, Бүтээгчтэй хамт оршдог. Бүтээгчийн адил хаа сайгүй, цаг ямагт, өөрийн сонгосон хэнтэй ч хамт оршдог. […] Гагцхүү хүн бүр хүлээн зөвшөөрдөггүй ч Тэр эмэгтэй энд бий. Эмэгтэйлэг эрч хүч мэт байсан тул би Тэр эмэгтэй гэж хэлж байна.
Жей гэрийн амьдралдаа дасах зуур мэдрэхүй нь улам хурц болжээ. Тэрээр идэж буй хоолныхоо орц, химийн бодисыг ялган мэдэрч чаддаг болов. Олон жилийн турш нойргүйдэлтэй тэмцсэн нь зарим талаар нойрсох нь клиник үхлийг нь эргэн сануулж, тэрээр дахин сэрэхгүй байх вий гэж айдагтай холбоотой байв. Мөн бие нь амрах шаардлагатай хэвээр ч нойр шаарддаггүй гэж итгэдэг сүнслэг мөн чанартайгаа илүү гүн холбогдсоноо мэдэрчээ. Тэрээр аажмаар дахин унтаж дасаж эхлэв. Артерийн судасны болон мэдрэлийн гэмтэл, харвалтаас үүдэлтэй тархины гэмтэл, тэнцвэрт нь нөлөөлдөг архаг толгой эргэлттэй амьдарсаар байв.
Та хэн нэгэнтэй уулзах бүрдээ өөрийнхөө нэг хэсэгтэй дахин танилцаж байдаг. Маргааш энэ цувралын 3 дахь буюу сүүлийн хэсэгт бидэнтэй хамт байгаарай. Жей бусадтай холбогдсон мэдрэмж болон хүн бүрийг өөрийгөө, бие биеэ хайрлахыг яагаад уриалдгаа эргэцүүлэн ярина. Мөн дахин бясалгаж эхлэхэд нь тохиолдсон ер бусын явдлуудаа хуваалцана. (Дэ Уийл YouTube суваг - Баярлалаа)