ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны есдүгээр сарын 14
Йемений засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр, засгийн газрын цэргийн хүчин ухарсны дараа Ирантай холбоотон Хусит хүчнийхэн Баб-эль-Мандебын хоолой дахь стратегийн ач холбогдолтой Перим аралд хүрч, ойролцоох эргийн Дубаб хотыг мөн эзэлжээ. Ормузын хоолойн тээвэр хэдийн ихээхэн саатсан байгаа энэ үед уг давшилт нь дэлхийн усан тээврийн гол замд тавих Хуситуудын хяналтыг бэхжүүлж болзошгүй байна. Харин Йемений засгийн газрын цэргийн хүчин Улаан тэнгисийн эзлэгдсэн бүсүүдийг эргүүлэн авахаар оролдоно гэж мэдэгджээ. (Reuters)
Хүмүүнлэгийн хямралд анхаарал хандуулдаг, ашгийн бус, бие даасан мэдээллийн байгууллага The New Humanitarian-ын мэдээлснээр, Нигерийн засгийн газар болон 2009 оноос тус улсын зүүн хойд нутагт бослого гаргасан Лалын шашны зэвсэгт бүлэглэл Боко Харамын хоорондын нууц гал зогсоох хэлэлцээр 2026 оны 6-р сараас эхлэн хэрэгжиж байна. Хэлэлцээрийн үр дүнд барьцаалагдсан тосгоны 360 оршин суугчийг сулласны дараа эвлэрэл тогтсон гэж мэдээлсэн ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна. (Al Jazeera, The New Humanitarian)
Словенийн ерөнхий сайд Янез Яншагийн шинэ засгийн газрын үед харилцаа сайжирч буйтай холбоотойгоор Израил улс тус улс дахь анхны Элчин сайдын яамаа нээж байна. Хоёр улс мөн боловсрол, шинжлэх ухаан, соёл, залуучууд, спортын салбарыг хамарсан хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. (Reuters)
9-р сарын 10-нд Ормузын хоолой дахь [Оманы] Хасаб хотын ойролцоо үл мэдэгдэх дөрвөн суманд хоёр хөлөг онгоц оногдож, нэг нь шатсан бол нөгөө хөлгийн нөхцөл байдал тодорхойгүй үлджээ. Их Британийн Далайн худалдааны ажиллагааны албанаас ойролцоо явсан өөр нэг хөлөг цохилтыг харж, болсон явдлыг мэдээлсэн гэж мэдэгдсэн байна. (Fox News)
[Тайландын] Аюттхая хот дахь Ват Футтайсаван хийдийн хамба сүмийн хөрөнгөнөөс 92 сая гаруй бат [ойролцоогоор 2.8 сая ам.доллар] завшиж, мөнгө угаасан хэргээр баривчлагджээ. Цагдаа газрын мэдээлснээр, уг хэрэг нь хууль бусаар олгосон хандивын баримт болон сүмийн мөнгийг түүнтэй ойр харилцаатай эмэгтэйд шилжүүлсэн гэх асуудалд төвлөрсөн гэжээ. Харин мөрдөгчид нотлох баримт цуглуулж, холбоотой хөрөнгийг тогтоосоор байна. (The Nation)
Хасарваань бол цөлийн хатуу ширүүн нөхцөлд аялагч хүмүүсийг тэтгэж ирсэн, Библид дурдагддаг эртний хүнс юм. Энэ жимс эслэг, кали, магни ба бусад шим тэжээлээр баялаг. Хязгаарлагдмал судалгаагаар жирэмсний сүүлийн шатанд хасарваань идэх нь умайн хүзүүг төрөхөд бэлтгэн нээгдэхэд тусалж, төрөлтийн зарим үе шатыг богиносгож болохыг харуулжээ. (YouTube)
Тайвань (Формоса)-д энэ онд сармагчны цэцэг өвчний 30 тохиолдол, түүний дотор гаднаас орж ирсэн 10 халдвар бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 дахин их байна. Гаднаас орж ирсэн тохиолдлын зургаа нь Тайландаас, бусад нь Ау Лак (Вьетнам), Энэтхэг, Хонконг, Камбожоос орж иржээ. Өвчний хяналтын төвд мөн орон нутагт халдварласан Ib омгийн тохиолдол бүртгэгдсэн байна. (Taipei Times)
Бангладешийн Натор дүүрэгт суулгалт өвчин эрс нэмэгдэж, 48 цагт 106 хүн эмнэлэгт хэвтэн, долоо хоногийн хугацаанд 516 хүн эмнэлгийн тусламж авчээ. Өвчтөнүүдийн ихэнх нь Натор хотын захиргааны оршин суугчид байна. Эмнэлгийн ор, давсны уусмалын нөөц хүрэлцэхгүй болж буй бөгөөд ундны усны аюулгүй байдалд санаа зовниж байгаа тул эрх баригчид усны нэмэлт шинжилгээ хийхээр төлөвлөжээ. (Dhaka Stream)
[Нигерийн] Плато мужид дэгдсэн сахуу өвчний сэжигтэй 303 тохиолдлын 27 нь нас барж, Жос Норт, Риккос хамгийн их өртсөн бүсүүдийн тоонд оржээ. Өвчлөгсдийн олонх нь хүүхдүүд байна. Эрх баригчид тандалт хийх, хавьтлыг тогтоох, олон нийтэд мэдээлэл хүргэх ажлыг эрчимжүүлсэн бол сургуулиудыг түр хаасан хэвээр байгаа бөгөөд сэжигтэй өвчтөнүүдийг Жос дүүргийн эмнэлгүүдэд эмчилж байна. (PunchNg)
АНУ-ын зэргэлдээ 48 мужийн нутагт 6-8-р саруудын агаарын дундаж хэм 23.6°C-д хүрсэн нь 20-р зууны дунджаас 1.7°C-аар өндөр байгаа бөгөөд АНУ-ын Далай, агаар мандал судлалын үндэсний захиргаа [NOAA]-ны 132 жилийн бүртгэл дэх хамгийн халуун зун болсон байна. 8-р сарын агаарын дундаж хэм 24.2°C-д хүрч, мөн түүхэн дэх хамгийн халуун 8-р сар болсон бөгөөд өдрийн дундаж дээд хэм ч дээд түвшинд хүрчээ. 9-р сарын 1 гэхэд ган гачиг зэргэлдээ 48 мужийн нутаг дэвсгэрийн 59%-ийг хамарсан байна. (NOAA-гийн Байгаль орчны мэдээллийн үндэсний төвүүд)
[Ау Лак (Вьетнам)-ын] Хо Ши Мин хот даяар 9-р сарын 10-нд орсон аадар борооны улмаас замууд үерт автаж, олон газарт 100 миллиметрээс давсан хур тунадас оржээ. Кат Лайд хур тунадас 124 миллиметр хүрсэн нь энэ онд орсон хамгийн их хур тунадас боллоо гэж цаг уурчид мэдээлжээ. Ан Фу нүхэн гарцад усны түвшин хагас метрт хүрч, автомашинууд гацаанд оржээ. (VnExpress)
Индонезийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, ой хээрийн түймэртэй холбоотой амьсгалын замын өвчлөлийн тоо 9-р сарын 1-нд 50,891 байснаас 9-р сарын 9-нд 113,336 болж өсөн, долоон мужийн 12.5 сая гаруй хүн утаанд өртжээ. Түймрийн утаа Сингапур, Малайз улсуудад хүрсэн байна. (Reuters)
[АНУ-ын] Нью-Мексико мужийн Элефант-Бьютт усан сангийн ус 2026 оны 7-р сарын сүүлээр багтаамжийнхаа ердөө 1.4%-д хүрч буурсан нь 1971 оноос хойших хамгийн доод түвшин болжээ. Олон жил хүчтэй гантай байж, түүхэнд байгаагүй эрт цас хайлсан нь Рио-Гранде мөрний системд орох усны хэмжээг багасгажээ. Усалгаанд зориулсан ус гаргалтыг 7-р сарын сүүлээр зогсоосноос хойш усан сан аажмаар сэргэж эхэлсэн байна. НАСА [АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг судлан шинжлэх үндэсний төв] усны нөөцийн бууралтыг хянаж, усны менежерүүдэд ирээдүйн хомсдолд бэлтгэхэд туслахын тулд хиймэл дагуулын мэдээлэл ашиглаж байна. (SciTech Daily)
ХОУ [хиймэл оюун ухааны]-ы дэвшилтэт систем хөгжүүлдэг Anthropic, OpenAI хоёр компанид гурван жил ХОУ-ы судалгаа хийсэн Anthropic-ийн судлаач Жейкоб Коксон ажлаасаа гарчээ. Тэрээр 2 компани хариуцлагатай арга хэмжээ авалгүйгээр өөрийгөө сайжруулдаг супер оюун ухааныг түрүүлж бүтээхээр өрсөлдөж байна гэжээ. Ноён Коксон улам хүчирхэгжиж буй ХОУ-т системүүд аюултай болж болзошгүйг анхааруулаад, зарим удирдах ажилтан, ахлах судлаачид тэдгээрийг сүйрлийн эрсдэл дагуулж болзошгүй гэж дотроо эмээдэг хэмээжээ. Тэрээр илүү болгоомжтой хандаж, шаардлагатай бол ХОУ-ы хөгжлийг удаашруулах арга зам бий болгохыг уриалсан байна. (Dawn)
[АНУ-ын] Принстоны судлаачид хайлуулах урвалын плазмд үүсэх зарим аюултай тогтворгүй байдлыг эхлэхээс нь өмнө таамаглан, плазмыг тохируулж, үүсэхээс сэргийлдэг PACMAN [Машин сургалт ашигласан таамаглал, удирдлага] нэртэй хиймэл оюун ухаант систем бүтээжээ. Хайлуулах урвалын судалгаанд хэт халуун плазмыг хүчирхэг соронзон орон ашиглан тогтоон барьдаг ажиллагаатай токамак төхөөрөмж дээр туршихад PACMAN нэг төрлийн хуваагдлын тогтворгүй байдлыг 200 орчим миллисекундийн өмнө таамаглан, эхэлснийх нь дараа хариу үйлдэл үзүүлэх бус, харин үүсэхээс нь сэргийлжээ. (SciTech Daily)
HP Hood компанийн Planet Oat брэнд өтгөрүүлэгч, тос, нэмэлт сахаргүй, таван орцтой царцаасан веган овьёосны сүү Humble Edition-ийг АНУ-ын зарим Walmart дэлгүүрт худалдаалж эхэллээ. (The Plant Base)
АНУ-ын веган хүнс үйлдвэрлэгч Beyond Meat компани веган махан бүтээгдэхүүнээс хүрээгээ тэлж, өсөн нэмэгдэж буй уургийн зах зээлийн эрэлтийг хангах зорилгоор веган нунтаг уураг, шахмал, ундаа, олон төрлийн ногооны бургер бүхий Phytosphere шинэ цувралаа танилцууллаа. (Food Dive)
Германы гоо сайхны Catrice брэнд өтгөрүүлэх үйлчилгээтэй, усны хамгаалалттай, боломжийн үнэтэй, веган сормуусны будаг санал болгож байна. Glam & Doll Volume Waterproof 010 Black будаг нь 10 миллилитрийн савлагаатай, сормуусыг салгангаа өтгөрүүлж, уртасган, дэрвийлгэх зориулалттай эластомер багстайгаараа онцлог. Үнэртэн, спирт, парабен агуулаагүй найрлагыг нүдний эмчийн хяналтаар туршсан бөгөөд будгийг удаан тогтоох зориулалттай. Уг бүтээгдэхүүнийг Европ, АНУ-д худалдаалж байна. (Ad Hoc News)
Их Британи сарьсан багваахай- болон бусад зэрлэг хөхтөн амьтан-хүмүүсийг замаар аюулгүй гарахад зориулан 45 метр урт хонгил барьжээ. Уг нүхэн гарцыг [Английн] Бедфордшир, Кембрижширийг холбосон 16 километр урт, шинэ A421 хос зорчих хэсэгтэй авто замын доогуур байгуулжээ. National Highways байгууллага сарьсан багваахай- болон бусад хөхтөн амьтан-ардыг гарц руу чиглүүлж, зэрлэг амьтан-ардын амьдрах орчныг хамгаалахын тулд хашаа, бутан хашлага, мод, сөөг суулгажээ. (SWNS)
Баруун Калимантан байгаль хамгаалах газрын албаны хүмүүс болон Индонезийн Байгалийг нөхөн сэргээх санаачилга сан [Индонезын] Баруун Калимантаны ойн түймэрт гацаанд орсон 6 орангутан-хүнийг аварчээ. Түймрийн улмаас ой руу нэвтрэх боломжгүй болсны дараа эрх баригчид тариалангийн талбайгаас бяцхан зулзагаа дагуулсан хоёр эх болон өсвөр насны 2 орангутаныг аварчээ. Хоёр орангутаны эрүүл мэнд муудсан байсан ч эмчилгээ үр дүнгээ өгсөн байна. Зургаан орангутаныг бүгдийг нь эмчийн хяналтад байлгаж буй бөгөөд цаашид байгальд нь суллан тавина. (Antara)
Өмнөд Солонгосын бага сургуулийн гурван сурагч Гимпо хотын зам дээрээс үхлүүт байсан зэрлэг хулгана-хүнийг олж, аварчээ. Тэд мал эмнэлгийн тусламж авахын тулд орон нутгийн мөнгөөр 15 орчим ам.доллартой тэнцэх мөнгийг нийлүүлсэн ч эмчилгээний зардал хүрэхгүй байх вий гэж санаа зовж байв. Малын эмч Ким Жүн Тэ хулгана-иргэнийг үнэ төлбөргүй эмчилж, эдгэрснийх нь дараа байгальд нь буцаан тавьжээ. (Maeil Business Newspaper)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Өөрийгөө замын өвснөөс ч дорд үзэж, модноос ч тэвчээртэй байж, өөртөө хүндлэл нэхэлгүй, өрөөл бусдыг бүгдийг нь хүндлэхэд хүн Ариун Нэрийг тасралтгүй уншиж чадна.” – Эзэн Кришна (цагаан хоолтон) -гийн Хамгаас Нигүүлсэнгүй Төрөл Эзэн Шри Чайтанья Махапрабху (цагаан хоолтон) (Сикшаштака, 3-р шүлэг)
Майкл Флорманы клиник үхлийн тухай цувралын өмнөх хэсэгт Майкл жолоо барьж явахдаа толгой нь эргэж, зогсоолд машинаа тавиад, түргэн тусламж дуудсан тухай гарсан. Түргэн тусламжийн машинд орсноос нь удалгүй зүрх нь анх зогссон ба нийт 8 удаа зогсжээ. Түүний санаж буйгаар анх удаа биеэсээ гарах үедээ тэр гэрэлт хөндийгөөр аялж, өөрийнх нь “Эх ундарга” гэж нэрлэсэн, хэлбэр дүрсгүй орон зайд оржээ. Тэнд тэр түр зуур хөгжмийн нэгэн эгшиг болж, дараа нь амьдралаа эргэн харсан байна. Биедээ хүчтэй татагдан буцаж орсныхоо дараа Майкл дахин биеэсээ гарч, 6 метр орчим өндрөөс яаралтай тусламжийн ажилтнууд өөрт нь тусламж үзүүлж байгааг харжээ. Дараа нь улам дээш татагдахад доорх дүр зураг холдсон байна.
Түүний санаж буйгаар гурав дахь удаа биеэс гарсан нь эмнэлэгт тохиожээ. Тэнд тэр эмнэлгийн багийг ажиглаж, ухамсартай байхдаа огт хараагүй ч, хожим таньсан эмчийг харсан байна. Нөгөө ертөнцөд очих мэдрэмж хачирхалтай танил байсан бөгөөд мэдэрсэн Хайр нь асар хүчтэй учир түүний нэг хэсэг тэндээ үлдэхэд сэтгэл хангалуун байх байсан гэж Майкл ярьсан юм. Майкл эцэст нь эрчимт эмчилгээний тасагт сэрэхэд өрөө нь эмнэлэг шиг санагдаагүй аж. Гэрэлтүүлгээсээ болоод агуйтай илүү төстэй харагдаж, түүнд эргэн тойронд нь бараг л бамбар асаж байхыг харж байгаа мэт санагджээ. Хоолой руу нь гуурс хийсэн, цээжин дээр нь сэхээн амьдруулах электродын долоо орчим дөрвөлжин түлэгдэлт үүссэн, мөн хэд хэдэн хавирга нь хугарсан байв. Цахилгаанаар цохих үед хэлээ удаа дараа хазсанаас хэл нь мөн ихэд хавджээ. Эмч нар эхэндээ гэр бүлийнхэнд нь Майклыг дахин хэзээ ч алхаж, хэвийн харилцаж чадахгүй болж, насан туршдаа тусламж шаардаж магадгүй хэмээн анхааруулжээ. Эмнэлгийн ажилтнууд түүгээр үсэг бичүүлж, энгийн үгсийг үсэглүүлэн танин мэдэхүй, харилцааны чадварыг нь үнэлсэн байна. Эмнэлгийн ажилтнууд түүнийг эхэндээ дор хаяж гурван долоо хоног хэвтүүлэхийг хүссэн ч Майкл дөрөв орчим хоногийн дараа зөвхөн хараа, ой санамжийн асуудалтайгаар эмнэлгээс гарснаа дурсан ярьсан байна.
Эхэндээ Майклд тохиолдсон зүйлийн гоо үзэсгэлэн, цар хүрээг ухамсарлан хүлээн авахад хэтэрхий хүнд байсан тул тэр үүнийг мартаж, амьдралаа үргэлжлүүлэхийг хичээжээ. Хүмүүс юу болсон талаар асуухад тэр уг явдал үнэхээр гайхамшигтай санагдсан, мөн сансар огторгуйд байсан гэж хэлэхээс өөр бараг юу ч ярьдаггүй байв. Хүмүүс нас барсныхаа дараа юу мэдэрснийг нь асуухад Майклд үүнийг тайлбарлахад бэрхшээлтэй байжээ. Майклын мэддэг Диваажингийн дүр зураг нь үүл, хаалганы дэргэд босоо ятга барин зогсох сахалтай нэгэн байсан ч өөрийнх нь харсан зүйл сансар огторгуйтай илүү төстэй байв. Энэ хоёр ойлголтыг нийцүүлж, мэдэрсэн зүйлээ илэрхийлэхэд тохирох үг олж чадаагүй тул тэр ач холбогдлыг нь багасган ярьж, энэ талаар хэлэлцэхээс зайлсхийжээ. Гэвч дурсамжууд нь байнга сэргэж, эцэст нь болсон явдалтайгаа нүүр тулахад хүргэсэн байна.
Тэр явдлаас хойш энерги, сэтгэл хөдлөл, тэр ч байтугай бусдын аураг мэдрэх чадвар нь улам нэмэгдсэн гэж Майкл ярьсан юм. Асуудалтай тулгарсан хүний ойролцоо зогсохдоо тухайн хүний асуудал, сэтгэл хөдлөлийг мэдэрч чаддаг, харин холдоход уг мэдрэмж арилдаг гэж Майкл ярьсан байна. Амьдралынхаа турш мэдэрсэн түгшүүрийн зарим нь үнэндээ бусад хүнээс дамжсан гэдэгт тэр итгэдэг болжээ. Майкл мөн үл үзэгдэх оршихуйнууд өөрийг нь хүрээлж байдгийг эртнээс мэдэрсэн бөгөөд хэзээ ч жинхэнээсээ ганцаардаж байгаагүй гэжээ. Майкл эдгээр оршихуйг харж чадаагүй ба тэднийг тэнгэр элч, замч гэж тодорхойлдоггүй. Тэр тэднийг танигдахуйц хоолойгоор ярихыг хэзээ ч сонсоогүй, зүгээр л тэнд байгааг нь мэдэрдэг. Клиник үхэлд орсны дараа эдгээр оршихуйг мэдрэх мэдрэмж нь улам хүчтэй, тод болж, өрөөнд хэдэн энерги байгааг ихэвчлэн ялгаж чаддаг болсон гэж Майкл хэлжээ. Мөн тэр мөн өдөрт гурав, дөрвөн удаа залбирдаг бөгөөд үүнийг шашны зан үйл бус, нөгөө ертөнцтэй холбогдож, тусламж хэрэгтэй хүмүүст энерги, Хайр илгээхийг хүсэх арга гэж үздэг хэмээн хэлсэн байна.
Майкл одоо үхлийг хүний төгсгөл бус, бие махбодын төгсгөл гэж үздэг. Нөгөө ертөнцөд очсон хүмүүс ухамсарт энерги хэлбэрээр оршсоор байдаг гэж тэр итгэдэг тул тэдний төлөө бус, харин тэдэнтэй ярьж, хүрэлцэж, биеэр холбогдох боломжгүй болсон ард үлдэгсдийн төлөө илүү их харамсдаг аж. Тархи, бие махбод ажиллахаа больсон ч хүний доторх энерги үргэлжлэн оршдог гэж тэр үзэж байна. Майкл үхэх үед өөрийгөө ямар нэг байдлаар багассан мэт огт мэдрээгүй гэжээ. Тэр өөр хаа нэгтээ оршиж байсан ч мөн л урьдын хүн хэвээр үлджээ. Түүний үзэж буйгаар, хойд нас алс холын нэг газарт хязгаарлагддаггүй, харин биднийг хүрээлдэг ч үл үзэгдэх агаар дахь мэдээлэлтэй илүү адилаар, хаа сайгүй оршдог. Майклын хувьд энерги хаа сайгүй байдаг бөгөөд бие махбодтой хамт үхдэггүй.
Майкл одоо амьдрал нь тодорхой зааглагдсан 2 хэсэгтэй гэж тодорхойлдог. Тэр өөрийгөө урьдынх шигээ хүн байхаа больсон гэж үздэг тул уг явдлаас өмнө байсан хүнийг дотроо гашуудан үдсэн байна. Тэр амьдралаа “ҮД” ба “ҮӨ” буюу үхлийн дараах, үхлийн өмнөх үе гэж хуваадаг. Түүний үзэл бодол, тэргүүнд тавих зүйлс, үнэт зүйлс ч өөрчлөгджээ. Мөнгө бодит амьдралд зайлшгүй хэрэгтэйг ойлгодог ч түүний хувьд ач холбогдол нь эрс буурсан байна. Хүн юу болсон, юунд хүрсэн нь бус, харин бусдад хэр их хайр, ойлголцол өгсөн нь чухал гэж Майкл итгэдэг. Амьдралаа эргэн харах үедээ Майкл болсон үйл явдлыг өөр хүний өнцгөөс мэдэрч, сэтгэлд нь удаан хадгалагдсан үр нөлөөг туулжээ. Нэг өдөр өөрийн үйлдэлтэй мөн ийм байдлаар нүүр тулж магадгүйгээ санаж, тэр орой бүр дор хаяж 10 минутыг бусадтай хэрхэн харилцсанаа эргэн харж, хүмүүст эергээр хандсан эсэх, илүү сайн хүн болсон эсэхээ өөрөөсөө асуухад зарцуулдаг. Түүний зөвлөгөө энгийн: Сайн сайхан амьдарч, бусдад илүү энэрэнгүй ханд. Учир нь хүмүүс эцэстээ өөрсдийн үйлдлийг нөлөөлсөн хүмүүсийнхээ өнцгөөс мэдэрч магадгүй гэж тэр итгэдэг. (Энтони Чений бүтээл##YouTube суваг)