ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний тойм – 2026 оны 4-р сарын 1
Олон улсын ажиглагчид цөмийн зэвсэгтэй есөн улс бараг бүгд нөөцөө нэмэгдүүлж байгаа, эсвэл нэмэгдүүлэхээр бэлтгэж байгааг анхааруулан, дэлхий даяарх мөргөлдөөн хурцдаж, зэвсгийн хяналтын гол гэрээнүүд нуран унаж буй энэ үед 9,745 цэнэгт хошуу шуурхай ашиглахад бэлэн байдалтай, байршуулсан нөөцөд байна гэж мэдээллээ. (Евроньюс)
НАТО [Хойд Атлантын гэрээний байгууллага]-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте АНУ-ын Ерөнхийлөгч Трампын үед эвсэл “илүү аюулгүй” болсон хэмээн хэлээд, ноён Трампын шахалтаар бүх гишүүн ДНБ [Дотоодын нийт бүтээгдэхүүн]-ий 2%-ийг батлан хамгаалалтад зарцуулах зорилтоо биелүүлж, шинэ 5%-ийн зорилтод нэгдэхээр болсон гэж үзэв. Үүний зэрэгцээ Ирантай холбоотой хурцадмал байдал нэмэгдэхийн хэрээр гол холбоотнууд Ормузын хоолойг дахин нээхэд туслах төлөвлөгөө боловсруулж байна. (Евроньюс)
Японы судлаачид Аюму нэртэй 26 настай шимпанзе-хүний гар доорх багаж ашиглан хэмнэлтэйгээр бөмбөрдөж, бүтэцтэй авиа гаргаж буйг баримтжуулсан нь хэмнэл, багаж хэрэглэх чадвар, сэтгэл хөдлөлийн илэрхийллээс хүний хөгжим хэрхэн үүссэнийг тайлбарлахад туслах ховор зан үйл байж магадгүй хэмээн эрдэмтэд үзэж байна. (Бао Тинь түк)
АНУ 25 сая ам.долларын төсөл эхлүүлж, Оросын хяналттай бүс рүү хүчээр шилжүүлэгдсэн украин (урейн) хүүхдүүдийг илрүүлэх, буцаах, тэнхрүүлэхэд туслах гэж байна. Санхүүжилт нь мөрдөх ажиллагаа болон буцаасны дараах асаргаанд дэм үзүүлэх бөгөөд үүгээр Ерөнхийлөгч Трампын засаг захиргаа Украин (Урейн)-ы тогтвортой энх тайвныг хангахад тууштай буйгаа онцолж байгаа юм. (АНУ-ын Төрийн департмент)
Цагаан ордон америкчуудад АНУ-ын Ерөнхийлөгч Трамп болон Түүний засаг захиргаанд шүүлтүүргүйгээр хүрэх боломж олгох зорилгоор шуурхай мэдэгдэл, шууд дүрс бичлэг, бодлогын шинэчлэл, шууд санал хүсэлтийн сувгийг хүргэх албан ёсны шинэ гар утасны аппликэйшн нэвтрүүллээ. (Цагаан ордон)
Филиппиний хяналтын BAN Toxics байгууллага орон нутгийн зах зээлд зарагдаж буй хямд, зохицуулалтгүй уруулын будгуудад хар тугалга, мөнгөн ус, кадми болон бусад хорт химийн бодис аюултай хэмжээгээр агуулагдаж, АСЕАН [Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо]-ы аюулгүйн хязгаараас хавьгүй давж, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж байгааг анхааруулав. (Прессенза)
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага [ДЭМБ]-ын 2025 оны тайланд бие махбодын шийтгэл нь хүүхдэд хор хөнөөлтэй бөгөөд зан авирыг сайжруулдаггүйг тогтоожээ. Дэлхий даяар 1.2 тэрбум хүүхдэд нөлөөлж буй биеийн шийтгэл нь түрэмгийлэл, сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Эрүүл хөгжлийг хангахын тулд эрх хязгаарлах, түр завсарлага өгөх зэрэг хүчирхийлэлгүй хувилбаруудыг мэргэжилтнүүд зөвлөж байна. (ВнЭкспресс)
Ган гачиг хөрсөн дэх тэсвэртэй бактерийг төвлөрүүлснээр дэлхий даяар антибиотикт тэсвэртэй байдлыг өдөөж байна гэж [АНУ-ын] Калифорнийн Технологийн Хүрээлэнгийн судалгаагаар тогтоолоо. 116 орны шинжилгээ бүс нутгийн хуурайшилт нь эмнэлгүүд дэх тэсвэртэй байдлын өндөр түвшинтэй холбоотойг харуулсан ба уур амьсгалын өөрчлөлтийн үед нийтийн эрүүл мэндийн ноцтой асуудал болж байна. (Евроньюс)
Эслэгээр баялаг, фермент ихтэй жимснүүд гэдэсний эрүүл мэндийг сайжруулж, дархлааг бэхжүүлдэг. Хан боргоцойн бромелайн нь хоол шингээлт, ясны нягтралд тустай бол авокадо, лийр, жимсгэнүүд нь гэдэсний бичил биетнийг тэтгэх чухал эслэгээр хангадаг. Эслэгийн хэрэглээг нэмэгдүүлэхдээ органик жимсний хальсыг идэхийг мэргэжилтнүүд зөвлөж байгаа ч цусан дахь сахарын огцом өсөлтөөс сэргийлэн, бодисын солилцооны тэнцвэрийг хадгалахын тулд чихэрлэг жимсний хэмжээг хянахыг зөвлөжээ. (Түөи Трэ)
Дэлхийн урьд байгаагүй халалттай зэрэгцэн Арктикийн тэнгисийн мөсний өвлийн хамгийн их хэмжээ нь дахин түүхэн доод түвшинд хүрлээ. Мэргэжилтнүүд энэ бууралт дулаарлыг хурдасгаж, далайг илүү их дулаан шингээх боломжтой болгон, дэлхий даяарх цаг агаарын эрс тэс үзэгдлийг улам хүчтэй болгоно гэж анхааруулж байна. (AП Ньюс)
Гуравдугаар сарын эхнээс хойш хэдэн долоо хоног үргэлжилсэн тасралтгүй аадар бороо Кени даяар сүйрлийн үер буулгаж, нас барсан хүний тоо 108-д хүрэн, 2,700 гаруй өрхийг гэр орноосоо дүрвэхэд хүргэлээ. Хөрс хэт чийгшиж, ус зайлуулах системүүд ачааллаа дийлэхгүй байгаа тул гэнэтийн үерийн үхэл дагуулсан эрсдэл маш өндөр хэвээр буйг цагдаа нар анхааруулав. (Ройтерс)
Энэтхэгийн Ладах дахь Зожи Ла даваанд цасан нуранги болж, дор хаяж долоон хүн амиа алдан, Сринагар–Лехийн хурдны зам хаагдсан байна. Аюултай нөхцөл байдал үргэлжилж буй энэ үед гамшгийн хариу арга хэмжээний багууд аврах ажиллагааг эхлүүлжээ. (Times of India)
Их Британийн Суррей Их Сургуулийн тэргүүлсэн шинэ тайланд Англид өдөрт таван тэрбум литр усны хомсдол үүсэх аюулыг зөвхөн дэд бүтцээр шийдэх боломжгүйг анхааруулж, өрхийн усны хэрэглээний ихэнх нь, ялангуяа шүршүүрт орох, суултуурын ус татах, алдагдлыг мэдээлэх зэрэг нь ухамсартай шийдвэрээс илүү аяндаа хийгдэх дадлаас шалтгаалдаг тул бодит цагийн мэдээлэл болон зан үйлд чиглэсэн арга хэмжээ зайлшгүй хэрэгтэй гэж үзжээ. Судлаачдын хэлснээр үр дүнтэй хэрэгслүүдэд усны хэрэглээг тухайн мөчид нь харуулдаг ухаалаг шүршүүрийн дэлгэц, шүршүүрийн ус хэт удаан гоожиж байгааг дохиогоор хэлдэг цаг, эсвэл өнгөө өөрчилдөг гэрэл, мөн гар утсанд шууд ирдэг алдагдал илрүүлэх сэрэмжлүүлэг багтана. Эдгээр нь хүмүүс өөрөөр үйлдэхээ санахад найдахын оронд үйлдэл яг өрнөж буй мөчид нь нөлөөлдөг байна. (SciTech Daily)
Гуравдугаар сарын 28-ны бямба гарагт орон нутгийн цагаар 20:30-д дэлхий даяарх сая сая хүн, дурсгалт газрууд Дэлхийн Цаг 2026-д зориулан гэрлээ унтрааж, “Дэлхийд нэг цаг бэлэглэе” уриа дор энэхүү дэлхий нийтийн хөдөлгөөний 20 жилийн ойг тэмдэглэн, уур амьсгалын үйл ажиллагаа болон байгаль хамгааллыг онцоллоо. (Белизийн шуурхай мэдээ)
Тод ягаан, цагаан сакура гайхамшигтайгаар бүрэн дэлбээлэн, [Японы Токио дахь] Чидоригафүчи цэцэрлэгт хүрээлэнгээс [АНУ-ын Вашингтон хотын] Тайдл Бэйсин хүртэлх хотын алдарт дүр төрхүүдийг өнгөний сүрлэг хучлага болгон хувиргаж, зураг авхуулж, дэлбээний дор зугаалан, хаврын өнгөлөг уур амьсгалыг мэдрэхээр зорин ирэх баяр хөөртэй олныг татаж байна. (Ройтерс)
[Их Британийн] Лафборогийн Их Сургуулийн салбар компани Афтрак Малави улсад нарны эрчим хүчээр ажилладаг бичил тракторыг туршиж байна. Тракторыг цэнэглэхийн зэрэгцээ сүлжээнд холбогдоогүй хөдөөгийн өрхүүдийг цахилгаанаар хангах модульчлагдсан нарны станцуудыг хамтад нь нэвтрүүлж байгаа ажээ. Ингэснээр ургацын гарц нэмэгдэн, тариаланчдын орлого өсөхөөс гадна иргэд өөрсдөө ажиллуулдаг нарны эрчим хүчний систем эдийн засгийн хувьд ашигтай болно гэсэн өөрийгөө тэтгэдэг тогтолцоо бүрдэж байгаа юм. (Бао Тинь түк)
[Ау Лак (Вьетнам)-ын] Да Нанын Куань Тэ Ам наадам энэ 4-р сард “Алтан бадамлянхуа” цагаан хоолны тэмцээнийг анх удаа зохион байгуулна. Энэхүү арга хэмжээ нь Буддын хоолны урлаг болон орон нутгийн орц найрлагыг сурталчилж, тогтвортой хөгжил, “ногоон наадам”-ын өв соёлыг хамгаалах зорилготой. (Түөи Трэ)
Амьтдад ёс зүйтэй ханддаг хүмүүс [ПETA] АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв [НАСА]-д захидал илгээн, сарыг тойрон нисэх дөрвөн сансрын нисэгч оролцох Артемис II удахгүй сарыг тойрон нисэх гэж буйг тэмдэглэхээр гар аргаар хийсэн веган бяслагийн сонголтыг санал болгосон байна. Харгислалгүй, тогтвортой ирээдүйг сурталчлахын тулд ПETA уг захидалдаа сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх сүйтгэх нөлөөг онцлоод, сарыг тойрох энэхүү түүхэн аяллын үеэр веган хооллолтыг дэмжихийг уриалав. (ПETA)
Энэтхэгийн алдарт крикетчин Вират Кохли (цагаан хоолтон) Энэтхэгийн Премьер лигийн 2026 оны улирлын өмнө хувийн хувьслынхаа бэлгэдэл болгон веган бэхээр хийлгэсэн шинэ урт ханцуйт шивээсээ танилцууллаа. Нарийн хийцтэй уг зураглалд тэсвэр хатуужлыг илэрхийлсэн бадамлянхуа болон цээнэ цэцэг багтжээ. (Times of India)
Доминика арлын улсын эргийн ойролцоо судлаачид өөр өөр сүргийн эм халим-хүмүүс хамтран шинэхэн төрсөн тугалыг өөрөө сэлж чадтал нь усны мандал дээр гарган дэмнэж буй ховор дүрс бичлэгийг хийж, тэдний төрөх үеийн зохион байгуулалттай, сүргийн зан үйлийг харууллаа. (Дэйли Мэйл)
Тринь Тхи Тхиень [Ау Лак (Вьетнам)]-ын Хошимин дахь Там Бинь хүүхэд хамгааллын төвд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 53 хүүхдийг асарч, тэднийг хамгаалах зориулалттай тохирсон хувцас зохион бүтээдэг. Түүний шинэлэг хувцаснууд, тухайлбал таталт өгдөг хүүхдүүдийн аюулгүй байдлыг сайжруулж, өдөр тутмын асаргааг хөнгөвчилдөг нь түүний арав гаруй жилийн энэрэнгүй зүтгэлийг нь илтгэж байна. (Фап Луат Онлайн)
Мэнди Биссон “Хайрын өртөг” нэртэй амьтан-хүний хүнсний нөөц бий болгохоор ажиллаж байна. Энэ нь санхүүгийн бэрхшээлтэй асран хамгаалагчдад тэжээвэр амьтан андаа орхихгүй байхад туслах зорилготой юм. Өөрийн санхүүгийн бэрхшээлээс санаа авсан тэрээр амьтан-хүмүүсийг хаяхаас сэргийлэхийн тулд олон нийтийн дэмжлэг хайж байна. (Jersey Evening Post)
АНУ-ын Калифорни мужийн Журупа Валлей дэх орон сууцанд гарсан түймрийн үеэр гал сөнөөгчид дотор нь байсан ухаангүй болсон гурван муур-хүнийг хүчилтөрөгчийн баллон болон цээж шахалтаар сэхээн амьдруулжээ. Тэдний нэгэнд амнаас ам руу хийдэг хиймэл амьсгалаар зүрх, уушгины сэхээн амьдруулалт хийсэн байна. (The US Sun)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Уурыг хэзээ ч тээхгүй байхаар шийд. Зүрх сэтгэлээ зовоох гэж юунд үзэн ядалт, атаархлаас зуурна вэ? Тэнгэр, Газрын түмэн судрыг шинжин хар. Буянтай, эрхэм ариун хүмүүс үргэлж уужуу, өс хонзонгүй байдаг.” – Шүтэгдэн бишрэгдсэн Гэгээрсэн Их Багш Tаи Aнийн Будда (веган) (Бясалгалд урамшуулах арван сургаал)
Доктор Дэвид Клийн клиник үхэлд орсон явдлуудын 2-ын 1-р хэсэгт Америкийн хөгжимчин, профессор Дэвид хэрхэн дөрвөн удаа нас барж, энэ явдлуудаа олон арван жил нуун, зовлон асар их утга учиртай байж болдгийг мэдэж авсан тухайгаа хуваалцаж байна.
Дэвид 1950-иад онд бараг хоёр сар дутуу төрсөн тул маш туранхай байсан бөгөөд биеийн онцлогоосоо болж хүүхэд нас, өсвөр насандаа хатуу дээрэлхэлтэд байнга өртдөг байжээ. Хориод насны дунд үедээ Дэвид Жоржиа мужийн Мэйкон хотын кантри уран бүтээлч Раззи Бэйлийн хамт аялан тоглодог бүтэн цагийн хөгжимчин болсон байв. 1978 онд хожуу ургасан агт араагаа авхуулахаар цаг товлосон ч юу болох гэж байгааг тэрээр огт мэдээгүй байлаа.
Түүнд үзүүлэхээр ороод тэр надад зөвхөн хэсгийн мэдээ алдуулалт хийх гэж байгааг тэр үед л мэдсэн. Тэр надад бүтэн мэдээ алдуулалт хийхгүй гэсэн. Би бага зэрэг айдастай, сандарч эхэлсэн ч зөвшөөрсөн. Тэгээд тэр тариа хийгээд, өрөмдөж эхэлсэн. Удалгүй миний шүдний уг ийм дэгээ хэлбэртэй гэдгийг тэр ойлгосон. Тэгээд шүдийг минь сугалж чадаагүй. Тэр шүдийг минь сугалах гэж оролдохдоо эрүүг минь бараг мулт татах шахсан. Дараа нь түүнд нэг солиотой санаа орж ирсэн. Тийм юм байдаг байх л даа. Тэр цүүц, алх гаргаж ирсэн. Шүдний эмчийн цүүц, алх байсан байх. Би сайн мэдэхгүй байна. Дараа нь тэр надад гараа, гарын алгаа эрүүн дороо тавь гэж хэлсэн. Тэгээд тэр агт арааг минь хуваах гэж цохиж эхэллээ. Тэр үед өвдөлт үнэхээр тэсэхийн аргагүй болсон.
Тэгээд гэнэт, дараагийн мөчид мэдсэн зүйл бол би таазны ойролцоо оччихсон байв. Яг л хэн нэгэн унтраалга асаасан мэт агшин зуур би тэнд очоод, эргэн тойрноо хараад, таазны ойролцоо байгаагаа ойлгосон. Харин доошоо хартал шүдний эмч, бас түүний туслах харагдав. Туслах нь миний нүүрийг барин сэгсэрч, алгадаж, мөн шүдний эмч ч бараг адилхан зүйл хийж байлаа. Тэр хоёр хоёулаа маш их сандарсан байдалтай байв. Эхэндээ би үүнийг хараад, харж байгаа зүйлдээ огт санаа зовоогүй. Тэр сандал дээр хэн байгааг ч ерөөсөө мэдээгүй. Би “За.” гэсэн байдалтай л байсан. Тэгээд би зүгээр л тэр мөчийг мэдэрч, юу харж байгаагаа сайн ойлгохгүй байлаа. Дараа нь би 360 градусаар харж байгаа юм шиг санагдсанаа анзаарсан. Тэгээд коридорын цаадах өрөөнд байсан бүртгэгчийг ч харж байгаагаа анзаарсан. Тэр маш их сандарч, яг юу болоод байгааг ойлгохгүй, миний эмчлүүлж байсан шүдний өрөө рүү харсаар сандал дээрээ босож суугаад л байв. Тэгээд би хүлээлгийн өрөөнд байсан эхнэрээ бас харж чадсан. Хөөрхий минь, тэр сэтгүүл уншиж байснаа дээш харсан. Тэгээд тэр сэтгүүлээ доош тавив. Дараа нь мэдэхэд, тэр босоод миний байсан өрөө рүү гүйж орох ёстой юу, яах ёстойгоо мэдэхгүй байсан юм билээ. Тэр мэдээгүй.
Ингээд энэ бүхэн болж байхад би энд зүгээр л хөвөөд бүхнийг харж байлаа. Тэгээд эцэст нь доор байгаа хүн магадгүй би өөрөө юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Тэр би байсан байх. Гэхдээ би санаа зовоогүй. Би огт санаа зовоогүй. Би зүгээр л юу вэ, яагаад, яагаад энэ бүхэн болоод байна гэж бодож байв. Гэхдээ би ердөө маш тайван, тэр мөчийг таашааж байлаа. Тэгээд яг л хэн нэгэн гэрлийн унтраалгыг дарсан мэт би агшин зуур биедээ буцаж орсон. Биедээ буцаж ормогц тэр аймшигтай өвдөлт, шаналал шууд эргэж ирсэн.
Дэвидийг биедээ буцаж орсны дараа шүдний эмч ажлаа зогсоож, дараа нь Дэвидийн эхнэрт хэдэн минутын турш судасны цохилт мэдрэгдээгүй гэж хэлжээ. Хэдэн долоо хоногийн турш Дэвид энэ явдлаа тод санаж чадаагүй ч сүүлдээ харсан зүйлүүдээ энд тэндээс нь санаж эхэлсэн байна. Тэдгээр нь тухайн өдөр болсон зүйлтэй таарч байсныг эхнэр нь ч бас баталжээ. Энэ нь түүний зүрх зогссон сүүлчийн удаа биш байв. Дэвид төрөлхийн зүрхний хэм алдагдалтай төрсөн бөгөөд энэ нь зүрхний хэм анхааруулгагүйгээр алдагдаж, заримдаа бүрэн зогсож болдог эмгэг юм. Энэ байдал нь насанд хүрэх эхэн үед нь даамжирснаар дараагийн жилүүдэд тэрээр дахин гурван удаа клиник үхэлд орсон байна.
Тэгээд 1981 онд би дахиад хэм алдагдалд орсон. Тэр үед тэд ихэвчлэн намайг эмнэлэг рүү яаралтай авч явж, утас, янз бүрийн хяналтын төхөөрөмжүүдэд холбодог байсан. Тэгээд тэр үед би хоёр дахь удаагаа КҮ [клиник үхэл]-д орсон. Би бүхэлдээ утсанд холбогдсон байсан. Дараа нь би явчихсан. Энэ удаа би өөрийгөө хоосон орон зайд харсан. Тэр чигтээ хар хоосон орон зай, туйлын нам гүм, маш амгалан байсан. Би өөрийнхөө ямар ч хэсгийг харж чадаагүй. Хичээсэн ч чадаагүй. Би зөвхөн эргэн тойрноо л харж байлаа. Тэр нь зүгээр л хар хоосон орон зай байв. Тэгээд би хэдэн минутын турш тэнд байж, “За, энэ бүхэн юу вэ?” гэж бодож байлаа. Дахиад л би маш тайван, амар амгалан байсан. Би нэг их санаа зовоогүй. Тэгээд өмнөхтэй адил би агшин зуур биедээ буцаж орсон. Биедээ орон сэрэхэд мэдээж би зүрхний тасагт хэвтэж байлаа. Тэр үед бүх эмч, сувилагч гүйн орж ирээд, намайг сэргээхээр зэхэж байхад нь би ухаан орсон.
Хяналтын төхөөрөмжүүд Дэвидийн зүрх зогсож, судасны цохилтгүй болсныг харуулсан ч зүрх нь өөрөө дахин цохилж эхэлжээ.
Цаашдын жилүүд түүнд дахин уналт, дахин эргэн ирэлт, эцэст нь бүхий л амьдралыг нь бүрэн өөрчлөх шийдвэрлэх мөч авчирсан байна. Эцэст нь би Бурхантай ярьж байхдаа “Би хангалттай амслаа. Би цаашид дийлэхгүй нь.” гэж хэлсэн. Тэгээд би гараа өргөөд “Би үүнийг Таны гарт даатгая. Би үүнийг дийлэхгүй нь.” гэж хэлсэн. Маргааш доктор Дэвид Клийн клиник үхэлд орсон тохиолдлын 2-ын 2-р хэсгийг хүлээн авч үзээрэй. (AJ Parr Сүнслэг сэтгүүлч КҮ подкаст)