ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны наймдугаар сарын 27
Америкийн амьдралын хэв маягийн Better Homes & Gardens сэтгүүл гал тогоонд түгээмэл байдаг энгийн орцоор хоолны жорын өндгийг орлуулах веган хувилбаруудын тухай нийтлэл цахим хуудсандаа нийтэлжээ. Нийтлэлд дараах орцуудыг санал болгосон байна: - Нунтагласан маалингын үр - Аквафаба - Торгомсог дүпү - Гадил - Алимын нухаш - Чиа үр - Хөөлгөгч нунтаг ба тос - Цардуул (Беттер Хоумс & Гарденс)
Ормузын хоолойгоор зорчих хөлөг онгоцны тоо эрс нэмэгдэж, хоёр долоо хоногийн өмнө 40 орчим байсан бол өнгөрсөн долоо хоногт бараг 200 болж, дайны өмнөх түвшний 20 орчим хувьд хүрчээ. Олон хөлөг онгоц АНУ-ын дэмжлэгтэй, Оманы талын маршрутыг ашиглах нь нэмэгдэж байна. (Нью-Йорк Пост)
Бангладеш, Нидерланд улсууд нөөцийг үр ашигтай ашиглах, хаягдлыг бууруулах, дахин боловсруулах, байгальд үзүүлэх нөлөө багатай үйлдвэрлэлийн арга нэвтрүүлэх замаар нэхмэл эдлэл, хувцасны үйлдвэрлэлийг илүү тогтвортой болгох гэрээ байгуулжээ. Уг түншлэл нь Бангладешийн хувцасны салбарт байгальд ээлтэй технологи нэвтрүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа хадгалахад нь туслахын зэрэгцээ тойрог эдийн засгийн арга барилын чиглэлээр Нидерланд улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой юм. (Жаст Стайл)
Сири, Израил улсууд 8-р сарын 23-нд Йорданд хурцадмал байдлыг намжааж, аюулгүй байдлын гэрээний хэлэлцээрийг сэргээх зорилгоор АНУ-ын зуучлалтай яриа хэлэлцээ хийжээ. Израил улс аюулгүй байдлаа хангахад зайлшгүй чухал гэж буй Сирийн цэргийн объектуудад удаа дараа халдсаны дараа уг хэлэлцээр болсон бол Сири улс өөрийгөө аюул занал учруулаагүй хэмээн мэдэгдэж, цохилт үзүүлэхээ зогсоохыг шаардаж байна. Түүнчлэн Сири улс өөрийн нутаг дэвсгэрт Израил улсаас явуулж буй баривчилгаа болон бусад ажиллагааг зогсоож, 2024 оны 12-р сарын 8-нд Сирийн ерөнхийлөгч асан Башар аль-Ассадыг түлхэн унагахаас өмнө эзэлж байсан байрлал руугаа Израил улсыг ухрахыг шаардаж байна. (Ройтерс)
Тайландын цэргийн хүчний мэдээлснээр, 8-р сарын 22-нд [Тайландын] өмнөд бүсийн Наративат, Паттани, Яла мужуудад уялдаа холбоотой 51 галдан шатаалт, бөмбөгдөлт болон бусад хорлон сүйтгэх ажиллагаа болж, хоёр хүн гэмтэн, төрийн барилга, аж ахуйн нэгж, тээврийн хэрэгсэл, холбооны төхөөрөмж, замууд эвдэрчээ. Ямар ч бүлэг үүнд хариуцлага хүлээгээгүй ч олон арван жил үргэлжилсэн салан тусгаарлах бослогын улмаас 2004 оноос хойш 7,300 гаруй хүн амиа алдсан бүс нутагт халдлагууд болжээ. (ВнЭкспресс)
Украин (Урейн) улс төрийн өмчит компани, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагыг хамарсан засгийн газрын шинэ хөтөлбөрөөр цэргийн ахмад дайчдад зориулсан 100,000 ажлын байр бий болгохоор төлөвлөжээ. Мөн 2027 он гэхэд ахмад дайчдыг дэмжих үйлчилгээний 50 гаруй хувийг стандартчилж, цэргийн алба хааж байсан хүмүүст улс даяар жигд тусламж үзүүлэх зорилт тавьсан байна. (Киев Индепендент)
Индонезийн гамшгийн агентлаг 8-р сарын 15-наас 21-ний хооронд [Индонезийн] Зүүн Нуса-Тенгара мужийн газар хөдлөлтөд өртсөн иргэдэд зориулж бараг 778 тонн яаралтай тусламжийн барааг агаараар тээвэрлэжээ. Цэрэг, иргэний агаарын хөлгөөр хүргэсэн тусламжид гэр бүл, дүрвэгсдэд зориулсан 3,000 гаруй майхан багтсан бөгөөд эрх баригчид орон байр, хүмүүнлэгийн яаралтай тусламж шаардлагатай бүс нутгийг хангаж байна. (АНТАРА Ньюс)
Грек улс Акрополь, Эртний Олимпиа, Микена, Дельфи, Кносс, Атос уул, Эпидаврос зэрэг археологи, соёлын өвийн 22 томоохон дурсгалт газарт ойн түймрийг автоматаар илрүүлэх сүлжээг өргөжүүлж байна. Тус систем нь дулаан мэдрэгч болон оптик камер, зураглалын технологи, бодит цагийн дохиолол ашиглан галыг эрт илрүүлж, гал сөнөөгчдөд илүү хурдан арга хэмжээ авахад тусална. (То Вима)
Бангладеш улсад байгалийн хийн хомсдол даамжирч, үйлдвэрүүд үйлдвэрлэлээ бууруулах, эсвэл хаахаас аргагүй болж, цахилгаан хангамж тасалдан, өрхүүд болон хийгээр ажилладаг тээврийн хэрэгслүүд найдвартай түлшгүй болж байна. Хуучирсан хийн ордуудын олборлолт буурсан, олон жилийн турш хайгуул хязгаарлагдмал байсан, эрэлт өссөн, Ойрх Дорнодоос шингэрүүлсэн байгалийн хий импортлоход саад учирсан нь хямралын шалтгаан болжээ. (Чаннель Ньюс Азия)
Хуучин, агаар ихээр бохирдуулдаг тээврийн хэрэгслийн жолоочоос өдөр тутмын хураамж авдаг [Их Британийн] Лондон хотын Хэт бага ялгарлын бүс нь тус хотын хүүхдүүдийн уушгины үйл ажиллагаа сайжирч буйтай холбоотойг шинэ судалгаа харуулжээ. (CNN)
[Их Британийн] Кембрижийн Их Сургуулийн судлаач Крис Макдоналдын шинэ өгүүлэлд 20 хүнсний бүтээгдэхүүнээс дүпүг нийт үзүүлэлтээрээ уургийн хамгийн сайн уургийн эх үүсвэр хэмээн эрэмбэлж, яргай загас, өндөг, үхрийн махнаас дээгүүрт жагсаажээ. Шинэ BPI [Шилдэг уургийн индекс] үнэлгээний систем нь шим тэжээл, үнэ өртөг, хүртээмж, байгаль орчинд үзүүлэх нөлөөг харгалзан үздэг. 100 грамм уураг үйлдвэрлэхэд дүпү 0.61 орчим кг нүүрсхүчлийн хий ялгаруулж, 2.16 хавтгай дөрвөлжин метр газар шаарддаг тул байгаль орчны хамгийн өндөр үнэлгээ авсан бол үхрийн маханд 64.19 кг нүүрсхүчлийн хий, 211.38 хавтгай дөрвөлжин газар ногдож байна. Ургамлын гаралтай хүнс нийт жагсаалтын шилдэг 20%-д давамгайлсан бол 100 грамм уураг тутам дахь өртгөөр сэвэг зарам хамгийн хямд эх үүсвэр болжээ. (ВьетнамНет)
Гипертони [цусны даралт ихэсдэг] хүмүүст, ялангуяа ахмад настнуудад ортостатик гипотензи [сууж, эсвэл хэвтэж байгаад босоход даралт огцом буурах байдал] илэрч, толгой эргэх, ухаан алдах шалтгаан болдог. Боссоноос хойш 3 минутын дотор систолын даралт дор хаяж 20, эсвэл диастолын даралт 10 мм мөнгөн усны баганаар буурахад энэ эмгэг үүсдэг. Цусны даралт ихэсдэг хүмүүс даралтаа хянаж, давс, эсвэл шингэнээр өөрийгөө эмчлэхээс зайлсхийж, ноцтой шинж тэмдэг илэрвэл яаралтай тусламж авахыг зөвлөжээ. (Бао Сүк хое ва Дой сон)
АНУ-ын 514 өсвөр насны хүүхдийг хамруулсан судалгаагаар нохой-хүнтэй холбоо тогтоох нь нийгмийн харилцааны айдастай өсвөр үеийнхэнд үе тэнгийнхний дарамтыг даван туулахад тусалж болзошгүй ажээ. Нохой найзуудтайгаа илүү их цаг өнгөрүүлдэг хүүхдүүд асуудлыг илүү сайн шийдэж, эергээр сэтгэн, сөрөг бодлоо давтан эргэцүүлэх нь бага байжээ. (Earth.com)
8-р сарын 23-ны үүрээр [Японы] Токио хотын ойролцоох Ибараки мужид 5.9 магнитудын газар хөдлөлт болж, наад зах нь 37 хүн голдуу хөнгөн гэмтэж, бүс нутгийн галт тэрэгний хөдөлгөөн саатсан байна. (Чаннель Ньюс Азия)
8-р сарын 24-нд халуун орны Нарра шуурга Тонкины буланг дайрч, Ау Лак (Вьетнам)-ын хойд хэсэгт аадар бороо цутган оржээ. Лангшон аймагт нэг хүн амиа алдаж, 4,000 гаруй орон сууц, туслах барилга эвдэрсэн, эсвэл үерт автсан гэж мэдээлжээ. Тус мужийн 2,680 орчим га тариалан, ой сүйдсэн, эсвэл гэмтсэн бол Бакнинь аймагт Тхыонг мөрний ус нэмэгдсэнээр аюулын хамгийн өндөр босго болох үерийн 3-р түвшний сэрэмжлүүлэг зарлажээ. (Вьет Нам Ньюс)
Хоук түймэр [АНУ-ын Невада мужийн Уошо тойргийн] Рино хотоос баруун хойд зүгт 6,000 гаруй га талбайг хамран шатаасан бөгөөд 8-р сарын 23-ны байдлаар огт хяналтад ороогүй байна. Эрх баригчид 42,000 оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаж, өөр 45,000 хүнийг бэлтгэлтэй байхыг уриалжээ. Амбан захирагч Жо Ломбардо тус тойрогт онц байдал зарлажээ. 6 хүн бэртэж гэмтсэн байна. (PBS)
Ойн түймэр, ган гачгийн улмаас дэлхийн хоёр дайнаас үлдсэн тэсрээгүй сум хэрэгслүүд Европ даяар ил гарч байна. Албаны хүмүүс Франц, Бельги, Герман, Нидерланд улсуудад дэлбэрэлт болсон гэж мэдээлээд, халуунд булшлагдсан тэсрэх зэвсэг дэлбэрч болзошгүйг анхааруулжээ. Бельгийн тэсрэх зэвсэг устгах алба жилд 3,000 гаруй дуудлага хүлээн авч, 200-250 тонн тэсрэх зэвсэг устгадаг. (ABC Ньюс)
Саудын Араб улс 37 сая орчим далдуу модныхоо хаягдал, тухайлбал тайрсан мөчир, хасарваанийн ясыг боловсруулж, инженерийн мод, тавилга, биологийн аргаар задардаг хуванцар, газрын тос, хийн өрөмдлөгийн материал зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ нь хөдөө аж ахуй, хуванцрын хаягдлыг бууруулахын зэрэгцээ тариаланчид, үйлдвэрлэгчдэд эдийн засгийн шинэ боломж бий болгохыг зорьж байна. (Араб Ньюс)
[АНУ-ын] Манхэттэн мужтай ойролцоо хэмжээтэй, 76.4 ам дөрвөлжин км талбай бүхий мөсөн арал 8-р сарын 4-нд Гренландын Петерманн мөсөн голоос тасарсан нь 2012 оноос хойших хамгийн том мөс тасралт болжээ. Хиймэл дагуулын зураг тасарсан мөсний цар хүрээг харуулснаар уг үйл явдал дахин анхаарал татаж, эрдэмтэд Арктикийн усанд хөвж буй аварга мөсөн арлыг үргэлжлүүлэн ажиглаж байна. (СкайТех Дэйли)
Нидерландын гарааны TTM Ingredients компани наран цэцгийн үрд суурилсан Oleocream бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг өргөжүүлж, веган зайрмаг, ундаанд сүүн бүтээгдэхүүн шиг өтгөн бүтэц оруулахын зэрэгцээ дал модны тосыг орлох дотоодын хувилбар санал болгож байна. (Вежкономист)
[АНУ-ын] Индианаполисын веган нарийн боовчин Одра гэртээ ажиллуулдаг Black Cat веган нарийн боовны газраараа дамжуулан хүн бүрд хүртээмжтэй амттаны сонголтоо нэмэгдүүлж байна. Түүний бизнес ялангуяа хүүхдүүдэд зориулсан, харшил өдөөхгүй амттанууд хийдэг бөгөөд өөрийн нэрийн мини Поп-Тарт, жүрж, цангисын скон, сонгодог хар шоколадтай брауни, жижиглэсэн шоколад, зефиртэй жигнэмэг санал болгодог. (ФОКС 59 Ньюс)
[АНУ-ын] Калифорни мужийн сайн үйлстэн Мая Кристин чинээлэг бүсэд ажилладаг ч боловсролын санхүүжилт харьцангуй бага авдгийг мэдээд Росс-Вэлли сургуулийн тойргийн багш нарт 1 сая ам.доллар хандивлажээ. 100 орчим багш тус бүр 9,161.70 ам.долларын чек хүлээн авсан нь санхүүгийн дэмжлэг төдийгүй хөдөлмөрийг нь үнэлсэн хэрэг болсон бөгөөд багш Сидни Дин уг бэлэг “миний амьдралыг өөрчилсөн” гэжээ. (Гүүд Ньюс Нетворк)
[АНУ-ын] Теннесси мужийн Ноксвилл хотын 2 цагдаа амьсгалахаа больсон нэг1 сартай нярайн амийг аврахад тусалсан нь биед зүүдэг камерын бичлэгт үлджээ. Цагдаа Клейтон Макуильямс, Вироника Жексон нар нярайн амьсгалын замыг чөлөөлсний дараа хүүхэд удалгүй уйлж, дахин амьсгалж эхэлжээ. (Нью-Йорк Пост)
Британийн уран бүтээлч Рассел Хэйнс Украин (Урейн)-ыг дэмжигчид болон [Их Британийн] Глостер хотод толгой хоргодож буй украин (урейн)-ий гэр бүлүүдэд хүндэтгэл үзүүлсэн 50 метр урт зургаа дэлгэлээ. Нэг сарын турш зочид зотон дээр украин (урейн)-чуудад зориулсан зурвас бичих боломжтой. Дараа нь уг бүтээлийг Украин (Урейн) руу хүргэж, Киев, Харьков, Одесса хотуудад дэлгэнэ. (Нью Войс оф Украин)
17 настай Рудиянса Супермэний хувцас өмсөн, [Индонезын Төв Калимантаны] Паланкарая хотод ой, хүлэрт газрын түймэртэй тэмцдэг эцгийнхээ сайн дурын бүлэгт тусалдаг. Тэр 2023 оноос хойш хичээлийнхээ дараа түймэртэй тэмцэж буй бөгөөд цахим орчинд олны анхаарал татсанаар Индонезийн ойн сайдаас “ойн баатар” хэмээх цол хүртжээ. Тэрээр гал сөнөөгчдийг тууштай хэвээр байхыг уриалж байна. (Чаннель Ньюс Азия)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Энэрэн нигүүлсэх сэтгэл бол хүнлэг ёсны эхлэл, ичих сэтгэл бол шударга ёсны эхлэл, даруу төлөв зан бол ёс журмын эхлэл, зөв бурууг ялгах ухаан бол цэцэн ухааны эхлэл юм.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш, Гүн ухаантан Мэнз (веган) (Wikiquote)
Аарон Гоулдингийн клиник үхэлд орсон тохиолдлын тухай энэ цувралын өмнөх дугаарт, 8 настай Аарон хүнд өвдсөн бөгөөд үүнийг уушгины хатгалгаа гэж ойлгосон байна. Эмнэлэгт хэвтэж байхдаа Аарон туйлын их сульдаж, ухаан нь удаа дараа орж гарч байв. Эмч нар ээжид нь өөрсдийнх нь хийж чадах зүйл үлдээгүй тул хүүтэйгээ салах ёс гүйцэтгээрэй гэж хэлжээ. Тэр үеүдийн нэгэнд Аарон гялалзсан Гэрлээр дамжин аялсаар, үл таних гялтганасан ертөнц дэх нэгэн модны дэргэд ирснээ мэдэрчээ. Алсад буй хотод татагдсан тэрээр гэрэлт замаар явж, шатны хонгилд хүрээд, Бүтээлийн Эх хэмээн нэрлэсэн Тэнгэрлэг оршихуйтай учирчээ. Аарон Түүний дэргэд яг л гэртээ байгаа мэт санагдав. Гэвч энэ уулзалт удаан үргэлжлэх боломжгүй байлаа. Бүтээлийн Эх түүнд цаг нь болоогүй гэжээ.
Надад яг л гэртээ байгаа мэт санагдаж, цааш явахыг хүссэн. Гэтэл намайг зогсоож, Тэр одоо миний цаг биш, энэ бол миний байх газар биш, буцаж явах ёстой гэж хэлж байгаа мэт санагдсан. Тэгэхэд би: “Юу? Үгүй” гэсэн. Тэр үед намайг Диваажинд оруулахгүй байгаа юм шиг л санагдсан. Би ойлгоогүй. Тэгээд намайг буцаан авчирч, би ийнхүү дэлхийн ертөнцөд эргэн ирсэн. Аарон хожмын жилүүдэд мөнөөх нууцлаг ертөнцийг дахин дахин мэдэрч, тэр бүрдээ арай илүү ухамсар, хяналттай болсон гэж ярьсан юм.
Энэ нь эцэстээ үргэлж л бүх зүйл сайхан болно гэсэн нэг ижил мэдрэмж төрүүлдэг байв. Сэрэх, эсвэл биедээ буцан ирэхийн яг өмнөх хамгийн сүүлчийн [зүйл] нь тэр байсан. Хачирхалтай нь, намайг 30-аад насны сүүлээр ачааны машин жолоодож явахад нэг удаа ийм явдал болсон. Нас барсныг нь би хараахан мэдээгүй байсан найз бүсгүй надад бий. Би 15 дугаар хурдны замаар явж байгаад Нефи ч юм уу, хаа нэгтээ жижиг ачааны машины зогсоолд машинаа тавьж унтахаар зогссон. Тэгээд би ярианы дундаас сэрсэн юм шиг болсон. Би ачааны машиныхаа бүхээгийн орон дээр босоод суучихсан, хэн нэгэнтэй ярьж байсан. Би энэ эмэгтэйтэй ярилцаж байснаа санадаг бөгөөд хамгийн сүүлд: “Бүх зүйл сайхан болно, Оддын Гэрэлт Жим дээр уулзъя.” гэж хэлсэн. Тэгээд би сэрж, надтай хамт машинд хэн нэгэн байгаа мэт эргэн тойрноо харсан. Би сандарч сэрээд, “Миний машинд хэн байна?” гэж бодсон нь хачирхалтай. Би ганцаараа байх ёстой доо. Намайг юу ч мэдээгүй явтал Калифорнийн бүсэд ойртож, Юта мужаас гарах үеэр эхнэр маань залгаад, “Чи сонссон уу?” гэж асуусан. Би: “Үгүй” гэсэн. Тэр: “Жилл нас барсан. Тэр автомашины осолд орсон” гэсэн. Тэр найман настай хүүхдийг хамт авч явсан гэхэд, би: “Хөөх” л гэж хэлсэн. Би: “Би үүнийг хэдийн мэдэж байсан.” гэв. Жилл бол хар тамхитай холбоотой орчноос холдуулахын тулд Аарон нэгэн цагт холын замд өөртэйгөө хамт авч явж, туслахыг оролдсон найз бүсгүй нь байжээ. Аарон ачааны машин доторх тэр нууцлаг учралын үеэр өөртэй нь ярьсан хүн бол түүний сүнс байсан гэж итгэдэг. Жиллийн дурдсан Оддын Гэрэлт Жим нь давтагддаг туршлагууд дахь хонгилтай холбоо тогтооход хүргэжээ.
Тэр хонгилыг би Оддын Гэрэлт Жим гэж хэлнэ. Учир нь тийшээ явахдаа гэрлийн хурдаар, магадгүй гэрлээс ч хурдан зорчдог. Бүх зүйлийн эхлэл, бүтээлийн үүсэл рүү буцаж байгаа мэт гэж би үүнийг тайлбарлана. Учир нь гаднаас нь харахад одод яг модны дүрс үүсгэж, мөчир мэт тал бүрд тархсан мэт харагддаг. Гэхдээ яг эхлэл рүү буцаж очих нэг гол шугам бий. Хожмын тэр ахуй ойлголтуудын үеэр Аарон үйл явдлыг удаашруулж, өмнө нь зөвхөн гаднаас нь дөхөж очсон хотыг оролцуулан илүү олон нарийн ширийнийг ажиглаж чадсан гэжээ. Тэр газрын ихэнх хэсэг нь Тэнгэрийн Хаант Улс гэж нэрлэж болох газар байсан ч би [тэндээс] цааш хэзээ ч явж үзээгүй. Би зөвхөн хотын үүдэнд хүрээд, орох зөвшөөрөл авч чадаагүй. Энэ танил санагдсан. Тэнд амьдрал байсан, тэнд өөр хүмүүс байгааг сонсож болохоор, бас таныг өөртөө татах ямар нэгэн зүйл байсан. Бүх зүйл гэрэлтэн, туяарч байлаа. Яг л гэртээ байгаа мэт санагдсан.
Гуравдугаар хэсэгт Аарон Дэлхийгээс ч илүү гэр орон мэт санагдсан газраас удаа дараа буцаагдах ямар байсныг өгүүлнэ. Надад энэ бол баяр ёслол, би Гэртээ ирлээ гэсэн мэдрэмж төрсөн. Тэгвэл би яагаад явж болохгүй гэж? Яагаад? Би ойлгохгүй байна. Аарон Гоулдингийн клиник үхлийн тохиолдлын гуравдугаар хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Үхлээс буцсан аялал)