ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны аравдугаар сарын 9
Даваа гарагт Ормузын хоолойд үл мэдэгдэх сум танкерыг онож, хөдөлгүүрийн өрөөнд гал гарсан нь 48 цагийн доторх ийм төрлийн 3 дахь хэрэг болсон гэж UKMTO [Их Британийн далайн худалдааны ажиллагааны алба] мэдээллээ. Хүн гэмтэж бэртсэн, байгаль орчинд хохирол учирсан талаар мэдээлээгүй бөгөөд эрх баригчид хэргийг шалгаж байжээ. (Fox News)
Саудын Арабын дэмжлэгтэй Йемений хүчнийхэн даваа гарагт “Йемений үүрийн гэгээ” ажиллагааны үеэр [Йемений] Моха боомтыг өнгөрсөн сард эзэлсэн Хуситуудаас буцаан авсан гэж мэдэгдлээ. (Fox News)
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мён хоёр улсын 2007 оны энх тайвны тунхаглалын 19 жилийн ойг тэмдэглэх үеэр Хойд Солонгостой энх тайвнаар зэрэгцэн оршихын төлөө тууштай байгаагаа дахин илэрхийллээ. Тухайн үеийн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Но Мү Хён, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ил нарын тохиролцсон уг тунхаглал итгэлцлийг бэхжүүлж, энх тайвныг дэмжих үндэс суурийг тавьжээ. Тунхаглалаар хүлээсэн үүрэг амлалтууд бүрэн хэрэгжээгүйг ерөнхийлөгч И хүлээн зөвшөөрсөн ч мухардлаас гарах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийг уриаллаа. Тэрээр Өмнөд Солонгос улс дэглэмийг нь өөрчлөхийг эрмэлзэх бус, Хойд Солонгосын улс төрийн тогтолцоог хүндэтгэнэ гэдгийг дахин мэдэгдэж, засгийн газар нь хурцадмал байдлыг намжаах, харилцааны сувгуудыг аажмаар сэргээх, итгэлцлийг бэхжүүлэхээ амлалаа. (Báo Tin tức)
Энэтхэг улс Орос-Украин (Урейн)-ы мөргөлдөөнийг шийдвэрлэхэд илүү идэвхтэй оролцож, Хар тэнгисийн усан тээврийн аюулгүй байдал, үр тарианы экспорт, эрчим хүч, цэргийн довтолгоонд хязгаарлалт тавих боломжийн талаар хоёр улстай хэлэлцэж байна гэж Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субрахманьям Жайшанкар мэдэгджээ. Украин (Урейн) улс Энэтхэг, Турк, Египет, АНУ-ын гал зогсоох саналуудыг хэлэлцэж байгаагаа мэдэгдэж, Энэтхэгийн саналыг хамгийн цогц гэж тодорхойлсон бол Оросын ерөнхийлөгч Владимир Путин ерөнхий сайд Нарендра Модигийн санаачилгуудыг сайшаажээ. (Thanh Niên)
Этиоп улсад тулалдаан ширүүсэж, Суданы иргэний дайн үргэлжилж буй энэ үед Египет, Эритрей, Сомали, Суданы удирдагчид 10-р сарын 4-нд хамтарсан тунхаглал гаргаж, улс төрийн энхийн шийдэлд хүрэхийг уриаллаа. Тэд Суданы цэргийнхний тэргүүлсэн засгийн газар болон суданчуудын өөрсдийн удирдах хэлэлцээрийг дэмжиж, Улаан тэнгисийн хяналт эрэг орчмын орнуудын мэдэлд үлдэх ёстой гэж мэдэгдэн, Нил мөрний доод урсгалын орнуудад хохирол учруулах усны асуудлаарх нэг талын арга хэмжээнээс сэрэмжлүүлжээ. (Al Jazeera)
НҮБ [Нэгдсэн Үндэстний Байгууллага]-ын хүний эрхийн дээд комиссар Фолькер Тюрк болон хүний эрхийн хараат бус 9 шинжээч үхлийн тариаг 2 удаа хийлгээд амьд үлдсэн Криста Пайкийг цаазлах оролдлогоо зогсоохыг [АНУ-ын] Теннесси мужийн эрх баригчдад уриаллаа. Давтан цаазлах оролдлогууд нь эрүү шүүлтэд тооцогдож, түүний амьд явах эрхийг зөрчиж байна гэж шинжээчид үзэн, цаазын ялыг нь хөнгөрүүлэхийг уриаллаа. (UN News)
Ойрх Дорнодын түүхий нефтийн экспорт сэргэж, Их долоо [7 улсын бүлэг]-ийн орнууд онцгой үеийн нөөцөөсөө 100 сая баррель дизель түлш, түүхий нефть гаргахаар тохиролцон хомсдол үүсэх болгоомжлолыг бууруулснаар 10 дугаар сарын 6-нд нефтийн үнэ унажээ. Брент маркийн түүхий нефтийн үнэ 0.3%-иар буурч, нэг баррель нь 100.03 ам.доллар боллоо. Гэвч Ормузын хоолойн ойролцоо танкерууд руу дахин халдсан явдал болон Саудын Арабын дэд бүтцэд халдсан гэх Хуситуудын баталгаажаагүй мэдэгдэл нь нийлүүлэлт тасалдах вий гэсэн болгоомжлолыг өндөр түвшинд хэвээр хадгалж, үнэ цааш буурахыг хязгаарлажээ. (Reuters)
[Ау Лак (Вьетнам)-ын] Хо Ши Мин хотын цагдаа сальбутамол хэрэглэн өсгөсөн гахай-хүний 10,000 гаруй тонн махыг Ау Лак (Вьетнам)-ын өмнөд нутгийн зах зээлд нийлүүлсэн хэрэгт сэжиглэгдсэн сүлжээг илрүүлэн зогсоожээ. Амьтан-хүний тэжээлд хэрэглэхийг хориглосон сальбутамол нь амьтан-хүний махыг өөх багатай, нягт харагдуулах зориулалттай ч үлдэгдлийг нь хүнсээр хэрэглэвэл толгой эргэх, чичрэх, дотор муухайрах, цусны даралт өөрчлөгдөх эрсдэлтэй гэж хүнсний технологийн мэргэжилтэн Нгуен Зуй Тинь анхааруулжээ. Болгосны дараа ч үлдэгдэл нь хадгалагдаж болох бөгөөд зөвхөн гадаад үзэмжээр тогтоох нь найдваргүй тул бохирдлыг батлахад лабораторийн шинжилгээ шаардлагатай. (Sức Khỏe 24H)
Франц улсад багшийн хомсдол, хичээлийн хэт урт цаг, муудаж буй барилга байгууламжийг эсэргүүцсэн сурагчдын жагсаал улс даяар өрнөж, 10 дугаар сарын 5-нд 400 гаруй ахлах сургууль хэсэгчлэн юм уу, бүрэн хаагджээ. Хөдөлгөөн 9 дүгээр сарын 17-нд эхэлснээс хойш жагсаалтай холбогдуулан 5,000 гаруй хүнийг баривчилсан бөгөөд тэдний 85% нь насанд хүрээгүй хүүхдүүд байжээ. Боловсролын сайдын мэдээлснээр 24 сургуулийг шатааж, эсвэл сүйтгэж, боловсролын салбарын 78 ажилтан бэртсэн бөгөөд хүний эрхийн Эмнести Интернэшнл байгууллагын Франц дахь салбар Эмнести Франс цагдаагийн хэт хүч хэрэглэсэн үйлдлийг буруушаалаа. (Channel News Asia)
Цахим шуудан, нийгмийн сүлжээний хаягийг хакердан үйлдсэн залилангийн улмаас Их Британид бүртгэгдсэн хохирол 2024-25 оны 1.2 сая фунт.Стерлингээс 2025-26 онд 6.3 сая фунт.Стерлинг болж, 400 гаруй хувиар өссөнийг албан ёсны тоо баримт харуулжээ. Гэмт этгээдүүд хулгайлсан хаягаараа эзнийх нь дүрд хувирч, таньдаг хүнээсээ худалдан авч байна гэж итгэсэн найз нөхөд, гэр бүлийнхэнд нь арга хэмжээний хуурамч тасалбар худалдах нь түгээмэл байна. Олон хохирогч гэмт хэргийг мэдээлдэггүй тул бодит хохирол үүнээс өндөр байж болзошгүй юм. (The Guardian)
[Их Британийн] Оксфордын Их Сургуулийн судлаачдын удирдан явуулсан судалгаанд [Их Британийн] Английн 1.4 сая насанд хүрэгчийг хамруулахад 37% нь цусны даралт ихсэх өвчтэй байсан бөгөөд тэдний 59% нь өмнө нь оношлуулаагүй, даралт бууруулах эм уудаггүй байжээ. Цусны даралтын эм уудаг оролцогчдын талынх нь даралт 140/90 миллиметр мөнгөн усны багана буюу түүнээс өндөр хэвээр байсан нь өвчнийг нь хангалттай хянаж чадахгүй байгааг харуулжээ. Судлаачид зүрхний өвчин, цус харвалт, цаг бус нас баралтын эрсдэлийг бууруулахын тулд илрүүлэлт, эмчилгээг илүү идэвхтэй хийхийг уриалжээ. (SciTech Daily)
[Фижигийн] Нади хотод болсон COP [Талуудын бага хурал]-ын өмнөх дээд хэмжээний уулзалт дээр НҮБ-ын уур амьсгалын асуудал хариуцсан тэргүүн Саймон Стил хэт халалт нь жирэмсэн эмэгтэйчүүд, нярайд улам их аюул учруулж буйг анхааруулан, эрүүл мэндийн 1,000 ажилтны судалгааг эш татжээ. Судалгаанд хамрагдсан 5 тивийн ажилтнуудын бараг дөрөвний гуравт халалттай холбоотой жирэмсний тохиолдол, эсвэл хүндрэл бүртгэсэн бөгөөд бараг бүгд халалтад өртсөн эх, нярайг эмчилжээ. Уг судалгааг Их Британид төвтэй, дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг буяны сан Уэллком явуулжээ. (Phys.org, UNFCCC)
[АНУ-ын] Нью-Йоркийн Их Сургуулийн Лангон эрүүл мэндийн төвийн нүд судлалын профессор, доктор Дуглас Лаззаро дараах өдөр тутмын зуршлууд нас ахих тусам хараанд мэдэгдэхгүйгээр сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулжээ: 1. Нүдээ нарнаас хамгаалахгүй байх 2. Гэрэлтүүлэг хангалтгүй үед унших 3. Эрүүл бус хооллох 4. Хангалттай ус уухгүй байх 5. Дутуу эсвэл чанаргүй унтах 6. Нүдээ байнга нухах 7. Нүдний тогтмол үзлэгийг хойшлуулах. (New York Post)
[Ау Лак (Вьетнам)-ын] Куангчи аймгийн 3 настай хүү гэр ахуйн электрон төхөөрөмж, тоглоомд түгээмэл хэрэглэдэг товчин зай залгиснаас болж улаан хоолой нь хүнд гэмтжээ. [Ау Лак (Вьетнам)-ын] Донгхой хотын Вьетнам-Кубын найрамдлын эмнэлгийн эмч нар химийн идэгдлээс үүдсэн өргөн хүрээний үрэвсэл, шархлаа илрүүлжээ. Зайг гарган авсан бөгөөд дараа нь хүүхдийн биеийн байдал тогтворжжээ. (Soha)
Амралтын өдрүүдэд Сенегалд аадар бороо орсны улмаас хүний амь эрсдэж, өргөн хүрээнд үерлэжээ. [Сенегалын] Дакар болон бусад газарт буусан гэнэтийн үерт замын хөдөлгөөн саатаж, барилгуудыг эвдэрч сүйджээ. Дакар, Матамд хүмүүс амиа алдаж, бэртсэн тухай эрх баригчид мэдээлсэн бол Каолакт нэг барилга нуржээ. (Reuters)
Хэдэн арван жил татарсан Словенийн Триглавын мөсөн гол хэдхэн хоногийн дотор алга болж болзошгүй байна. 1946 онд ойролцоогоор 14 га талбай эзэлж байсан мөсөн гол хэдхэн жижиг мөсөн хэсэг болон жижгэрчээ. Эрдэмтэд энэ алдагдлыг уур амьсгалын өөрчлөлт, өвөл цас бага орсон, цас эрт хайлсантай холбон тайлбарлаж, Альпийн мөсөн голууд үгүй болох нь усалгааны усны хангамжид аюул учруулж болзошгүйг анхааруулжээ. (Reuters)
9-р сарын 16-наас хойших үерийн улмаас Тайланд даяар 31 хүн амиа алдсан гэж Дотоод хэргийн яам мэдээллээ. Олон бүс нутаг өртөж, 3.5 сая гаруй иргэн хохирол, хүндрэлтэй тулгарсаар байна. Аадар бороо үргэлжилж буй тул нийслэл Бангкок болон нам дор газрын бусад нутаг дахин үерлэх эрсдэлтэй хэвээр байгаа бөгөөд эрх баригчид сувгийн ус зайлуулалт, ус соруулалт, оршин суугчдад үзүүлэх яаралтай тусламжаа өргөжүүлж байна. (Reuters, Channel News Asia)
[АНУ-ын] Лос-Анжелес дахь Калифорнийн Их Сургуулийн судлаачдын шинжилсэн хиймэл дагуулын мэдээллээр Туркийн хогийн цэгүүд дэлхийн хамгийн их метан хий ялгаруулагчдын тоонд багтсан бөгөөд Истанбулын Силиври хогийн цэг дэлхийг хүчтэй дулааруулдаг уг хийг цагт дунджаар 7.4 тонн ялгаруулж байжээ. Турк улс 11-р сард НҮБ [Нэгдсэн Үндэстний Байгууллага]-ын COP31 [Талуудын 31 дүгээр бага хурал] уур амьсгалын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж, метаны ялгарлыг бууруулахыг тэргүүлэх зорилт болгон дэвшүүлж буй үед эдгээр үр дүн гарчээ. Судлаачид хий барих системийг сайжруулж, органик хаягдлыг хогийн цэгт хүргэхгүй байх нь ялгарлыг бууруулж чадна гэж хэлсэн байна. (The Guardian)
Японы Осака хотын зарим хэсэгт газрын доорх усыг хэдэн арван жил хэт ихээр соруулснаас газар бараг 3 метр суусан бөгөөд 1960-аад онд хатуу зохицуулалт нэвтрүүлжээ. Хиймэл дагуулын хэмжилт, гүний худгийн бүртгэл ашигласан судлаачид хагас зуун гаруй жилийн дараа газрын доорх усны нөөц сэргэж, газар одоо аажмаар өргөгдөж байгааг тогтоожээ. Газрын доорх усны олборлолтыг хязгаарлах нь эрэг орчмын зарим хотод газрын аажим суулт болон үүнээс үүдэх үерийн нэмэгдсэн эрсдэлийг бууруулахад тусалж болохыг судалгааны үр дүн харуулжээ. (Yahoo News)
Нью Барн Органикс АНУ даяарх дэлгүүрүүдэд веган гурвалжин будааны сүү худалдаалж эхэлсэн ба энэ нь гурвалжин будааны үрээр хийсэн, харшил үүсгэгч болон амьтны сүү агуулаагүй хувилбар юм. Тус брэнд Америкийн аж ахуйнуудтай хамтран АНУ-д ургуулсан гурвалжин будааг органик авокадоны тостой хольж, кофе болон нарийн боов хийхэд тохиромжтой өтгөн, зөөлөн амттай сүү үйлдвэрлэхийн зэрэгцээ хөрсний эрүүл байдал, тоос хүртээгчдийг дэмжиж байна (AOL)
Монреалын веган наадам [Канадын] Монреал хотын Виндзор өртөөнд 10-р сарын 17, 18-нд 13 дахь удаагаа зохион байгуулагдах бөгөөд үнэ төлбөргүй оролцох боломжтой. Хоёр өдрийн арга хэмжээнд мэргэжилтнүүдийн илтгэл, хоол хийх үзүүлбэр, гар урлалын зах, веган хүнсний үзэсгэлэнгийн оролцогчид болон тогтвортой хөгжилд чиглэсэн үйл ажиллагаанууд багтана. (The Montrealer)
Catherine’s Originals веган шоколадны брэнд өөрийн анхны тансаг веган шоколадны хайрцаг болох Пинки Боу Тритсийг Их Британид худалдаанд гаргалаа. Үүлэн хэлбэртэй уг цуглуулгад газрын самрын нухаштай аяган шоколад, карамельтай ганаш, зөвхөн тус цуглуулгад багтах H*ney Baby O’bar зэрэг гар аргаар хийсэн, цавуулаг болон дал модны тос агуулаагүй 15 шоколад багтсан бөгөөд [Их Британийн] Вест-Сассекст цөөн тоогоор үйлдвэрлэжээ. (Vegan Food & Living)
[Их Британийн] Английн Кливлендийн цагдаагийн албаны Бельгийн малинуа үүлдрийн нохой-хүн Харли бараг 8 жил сэжигтний мөр мөшгөж, сураггүй болсон хүмүүсийг олж, өндөр эрсдэлтэй ажиллагаанд зэвсэглэсэн алба хаагчдад тусалсны эцэст тэтгэвэрт гарлаа. Түүний хөтөч нар зоригтой, энхрий занг нь магтаж, машинд мөргүүлсэн ч сэжигтнийг үргэлжлүүлэн хөөж байсныг нь дурсжээ. Тэр одоо чөлөөтэй давхих уужим газартай айлд тэтгэврийн насаа тайван өнгөрүүлнэ. (Daily Mail)
Египетийн Гиза хотод Ахмед Рагаб хоёрдугаар давхрын тагтнаас унасан 4 орчим настай хүүг аварчээ. Хяналтын камерын бичлэгт хүүхэд хувцас хатаах утсанд түр тээглэж, унах хурд нь саарснаар ноён Рагаб урагш гүйж, газарт хүрэхээс нь өмнө тосож авах боломж олдсон нь харагджээ. Шуурхай арга хэмжээ авсан гэж магтагдсан ноён Рагаб хүүхдүүдээ анхааралтай харж, тагт, цонхны дэргэд хэзээ ч ганцааранг нь үлдээхгүй байхыг эцэг эхчүүдэд уриаллаа. (Kênh14)
Шотландын аврагч нохой-хүн Поппи [Их Британийн] Шотланд даяар сураггүй болсон хүмүүсийг олоход тусалдаг. Тус хар лабрадор-хүн 1 настайдаа түргэн тусламжийн ажилтан асран хамгаалагчийнхаа эрэн хайх багт нэгдсэн бөгөөд тухайн хүний үнэр шингэсэн эд зүйлгүйгээр хүмүүсийг олж чаддаг. Тэрээр [Шотландын] Инвернессийн ойролцоо сураггүй болсон армийн ахмад дайчин, хүүхдийг эрэн хайх ажиллагаанд тусалжээ. (The Guardian)
Мьянмарт утасны залиланд оролцохыг албадсан гэх 20-иод насны 2 япон эрэгтэйг Тайландын цагдаа аварчээ. Тэд олон нийтийн сүлжээнээс өндөр цалинтай ажлын зар харж, Тайландад очоод, улмаар залилангийн бүлэгт шилжүүлэгджээ. Төрөл төрөгсдөөсөө тусламж хүссэний дараа Тайландын цагдаа, Японы албаныхан хамтран тэднийг аварчээ. (The Japan Times)
[Италийн] Ром хотод 10-р сарын 4-нд Ассизийн Гэгээн Францис (цагаан хоолтон)-ын баярын өдөртэй уялдуулан нохой-хүнийг хариуцлагатай үрчлэн авахыг дэмжих арга хэмжээгээ 13 дахь удаагаа зохион байгууллаа. Хамгаалах байрны 27 нохой-хүн ирээдүйн гэр бүлүүдтэйгээ танилцахаар улаан хивсэн дээгүүр алхсан бөгөөд тэдний дунд хайр халамжтай гэр олохыг хүссэн өндөр настай, өвчтэй 6 нохой-хүн байжээ. Мөн бичил чип үнэ төлбөргүй суулгаж өгсөн байна. (EuroWeekly News, Turismo Roma)
Өдрийн нэгтгэх эшлэл: “Хөршөө хайрлах хайраа тайлбарлаж, зөвтгөх ямар нэг далд эрхэм чанарыг түүний бодит байдлын цаанаас хайх шаардлагагүй. БУРХАНЫ Хайр өөрөө хангалттай тайлбар, үндэслэл юм.” – Шведийн Лютеран шашны теологич, Хүндэт Хамба Андерс Нюгрен (Агапе ба Эрос)
Жош Майлсын клиник үхлийн тухай энэхүү цувралын өмнөх 1 дүгээр хэсэгт Жош 2020 онд КОВИД-оор хүнд өвчилсөн тухайгаа ярьсан. Аав нь түүнийг эмнэлэг рүү хүргэж явахад тархинд нь цус харваж, зүрхний шигдээс болж, нэгэн зэрэг таталт өгсөн тэр хэлсэн юм. Тэрээр биеэсээ гарч, үйл явдлыг дээрээс хэсэгхэн ажиглаад, дараа нь там гэдгийг нь таньсан орон руу доош татагдсан хэмээн дурссан юм. 2 дугаар хэсэгт тэр тэнд юу туулснаа өгүүлнэ.
Гэвч БУРХАН оршдоггүй газар байхад ямар мэдрэмж төрдгийг би одоо ч үгээр тайлбарлаж чадахгүй. Маш хоосон санагддаг. Үнэхээр утга учиргүй санагдана. Таны өөрийн оршин байгаа нь үнэхээр утга учиргүй санагддаг. Тамд очсон л бол ямар газар болохыг нь андуурахгүй. Тэнд байхдаа энэ нь таны мөн чанарт шингэсэн мэт болж, та хэзээ ч гарч чадахгүйгээ мэддэг. Энэ бол харанхуйн газар. Дүрслэн хэлбэл, агаар нь өтгөн, амьсгалахад маш хэцүү мэт санагддаг. Та арайхийн амьсгална. Амьсгаа авах гэсэн энэ тэмцэл хэзээ ч дуусахгүй мэт Жошид санагджээ. Тэрээр дөл бус, харин хайлсан мэт харагдах хад чулуу, үймээн самуун, түгшүүр, өвдөлт, харамслаар дүүрэн газрыг дүрсэлдэг. Тэндхийн хүмүүс өөрсдийн сонголтын үр дагаварт БУРХАНЫГ буруутгахын зэрэгцээ хэзээ ч олдохгүй гэж итгэдэг дахин нэг боломжийг цөхрөнгөө баран хүсдэг гэж тэр хэлжээ. Түүний ойлгосноор тамыг хүмүүст бус, чөтгөрт зориулан, ер бусын оршихуйг тарчлаах газар болгон бүтээжээ.
БУРХАН Өөрт нь ойртуулахын тулд танд олгосон тэр зүйлс, боломжууд толгойд тань дахин дахин давтагдан үзэгддэг. Та тэр зүйлсийг дахин дахин хардаг. Чөтгөр таныг үүгээр л тарчлаадаг. Түүнчлэн БУРХАН таныг ямар аюулуудаас аварсныг ч та хардаг. Та үүнийг мэдээгүй явсан. Хэчнээн их БУРХАНЫ хамгаалалт, өршөөлийг ердийн зүйл мэт хүлээн авч байснаа одоо ойлгосон тул үүнийг ухаарах нь онцгой шаналал төрүүлсэн гэж Жош ярьсан. Тэрээр мөн БУРХАНЫ өөрийнх нь амьдралд зориулсан зорилгыг мэдэрч, юу байж болох байсныг ойлгосон ч талархах эсвэл сонголтуудаа өөрчлөхөд хэтэрхий оройтсон гэж итгэжээ. Эргэн тойронд нь хашхираан сонсогдож, хадархаг гадаргуу дээр хүмүүс нүд хүрэх газар хүртэл бие биедээ шахалдан зогсож байгааг тэр харжээ.
Тасралтгүй хашхирах мэт байсан. Тасралтгүй тарчлах мэт байв. Тасралтгүй өвдөх мэт байлаа. Зөвхөн биеийн өвдөлт ч биш, сэтгэл санааны өвдөлт бас бий. Хаа сайгүй олон хүн бие биедээ маш ойрхон байна. Энэ нь сая саяараа мэт бөгөөд бүгд маш ойрхон. Та зогсоогоороо байна. Энд ямар ч тав тух байхгүй. Тэр өмхий үнэрийг нь би бүр тайлбарлаж чадахгүй. Үхлийн үнэр ч биш байсан. Түүнээс ч дор байлаа. Жошийн арьс байнга шатаж байгаа мэт санагдсан ч түүний ойлгосноор сүнслэг биетэй байсан тул бие махбод нь бодитоор түлэгдээгүй гэж тэр хэлжээ. Бидний сайхан сэтгэлтэй эсвэл сайн гэж нэрлэх олон хүн тамд байдаг гэж тэр хэлээд, БУРХАНТАЙ холбоотой байх нь шийдвэрлэх ялгааг бий болгодог бөгөөд тэнд тэр холбоо огт байгаагүйг онцолжээ. Та жинхэнэ амины ус, жинхэнэ амьд БУРХАНААР цангаж байгаа мэт боловч юу ч хийж чадахгүй. Тэр цангалт бидний хэзээ ч туулж болох шингэн алдалтаас ч дор.
Жош мөн чөтгөрүүд гэж таньсан бараан, сүүдэр мэт дүрсүүдийг харжээ. Тэд харанхуйд ч нарийн хэлбэр дүрс нь харагдах бараан биет дүрсүүдтэй илүү төстэй. Харанхуйгаас ч бараан мэт тул та тэднийг харж чаддаг. Гэхдээ эргэн тойронд байгааг нь лавтай харж болох байсан. Тэд бараг л тамын харуулууд мэт. Эмх замбараагүй байдал дунд ч зохион байгуулалттай бүтэц байгаа мэт санагдсаныг тэр анзаарчээ. Жош тамыг хөнгөнөөр үзэхгүй байхыг анхааруулж, энэ явдлаас өмнө өөрийн амьдралд нухацтай хандаж байгаагүйгээ хүлээн зөвшөөрчээ. Хэдийгээр БУРХАНЫГ дагаж өссөн ч үйлдлүүдэд нь тэр сургаалууд тусгалаа олоогүй, өөрийгөө БУРХАНЫ Хаант улсад орох байсан гэж бодохгүй байгаагаа тэр хэлжээ.
3 дугаар хэсэгт Жош аав нь хямралын үед хэрхэн залбирсан тухай хуваалцаж, харанхуйгаас Гэрэл рүү хийсэн санаандгүй аяллаа өгүүлнэ. Тэндээс гарахад бараг л Гэрлэн хонгилоор явж байгаа мэт байсан. Гэхдээ бүх өнгийн Гэрэл нийлсэн мэт бөгөөд та дундуур нь маш хурдан өнгөрөхөд бүгд цагаан харагддаг. Жош Майлсын клиник үхлийн тухай цувралын 3 дугаар хэсэгт маргааш бидэнтэй хамт үзээрэй. (Жейни Дюваллтай хамт БУРХАНТАЙ учирсан учралууд YouTube суваг)